Фото: “Диваажинд хүрэх зам” уран сайхны кино нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлнэ

“Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтран бүтээсэн “Диваажинд хүрэх зам” уран сайхны кино өчигдөр /2019.05.17/ “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кино театрт албан ёсны нээлтээ хийлээ.

Жүжигчин Л.Ганлхагвагийн зохиол, Д.Ганцогтын найруулсан “Диваажинд хүрэх зам” кино хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын талаар өгүүлэх бөгөөд амьдралын үнэ цэнэ, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл,үнэнч нөхөрлөлийн тухай харуулжээ.

Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны гол дүрд шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт, дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх, Б.Батзаяа, Б.Навчаа, Б.Ангараг, У.Содхүү, нарын уран бүтээлчид тогложээ.

Киноны зураг авалтыг дэлхийн номер нэг “ARRI” камераар хийсэн нь зураг авалтыг илүү мэргэжлийн, чанарын өндөр түвшинд аваачжээ. Түүнчлэн киноны зураг авалтыг нийт зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд киноны хамгийн нүсэр бүрэлдэхүүнтэй зураг авалтыг 80-100 хүнийг оролцуулан хийсэн гэнэ.

Нээлтийн үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

“Диваажинд хүрэх зам ” киноны ерөнхий найруулагч Д.Ганцогт: “Диваажинд хүрэх зам” кино маань сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Амьдрал үнэхээр сайхан гэдгийг киноны гол дүр Улаанаа, Ганаа гэх хоёр залуугийн далай үзэх гэсэн хүсэл тэмүүлэл, аян замын адал явдлаар харуулсан. Миний гурав дахь уран бүтээл юм. Өмнө нь Орк киног үзэгчдэд хүргэж байсныг та бүхэн мэднэ. Миний хувьд Японд далайг харж байхад киноны санаа төрсөн. Диваажинд хүрэх зам” киногоороо залуу хүний хүсэл тэмүүллийг харуулахыг зорьсон.

Кино зохиолыг бичсэн жүжигчин Л.Ганлхагва:Бид хүсэл мөрөөдлийн тухай кино хийхээр шийдсэн нь “Диваажинд хүрэх зам”. Манай кино багийнхан Рой Кларкийн “Луйварчид” киноны цөм хэсгээс авсан ч монгол хүний сэтгэхүйг шингээж, Монголынхоо хөрсөнд илүү буулгах талаас зохиолоо бичсэн гэж хэлж болно. Ер нь киноны сэдэв, санааг зохиолч дангаараа гаргадаггүй багаараа хэлэлцэж байж кино зохиол бүтнэ. Амьдрал дээр бидний анзаардаггүй их олон үнэ цэнтэй зүйлс байдаг шүү дээ. Миний хувьд киноны эсрэг дүрийг бүтээсэн. Эсрэг дүр бол эерэг дүрийг илүү тодотгож өгдгөөрөө онцлогтой. Тиймээс эсрэг дүр бүтээхэд чамгүй ур чадвар шаардаж байлаа. Залуу уран бүтээлчдийн хувьд киног аль болох сайн хийх гэж хичээсэн. Кино багийнхандаа баярлалаа.

“Диваажинд хүрэх зам” киноны Ерөнхий продюсер, “BRB” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: Энэхүү кинонд анх удаа ерөнхий продюсерын үүргийг гүйцэтгэлээ. Бидний хувьд кино дэлгэцийн чанартай бүтээлд хувь нэмрээ оруулж, Монголын кино ертөнцөд өнгө нэмэх гэсэн том итгэл тээн кинонд хамтран ажилласан. Дуу дүрсний хувьд маш өндөр чанартай бүтээл болсон. Киноны агуулга, амин чухал санааг үзэгчид үзээд, сэтгэгдлээ илэрхийлнэ гэж итгэж байна.


Г.Нараа

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …