НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга тойргийнхоо иргэдтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн I, II, III хорооны иргэд сонгогчидтой уулзаж, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад оролцсон иргэдээс орон сууц, зам талбай, дэд бүтэцтэй холбоотой санал хүсэлтүүд түлхүү гарч байлаа. Тодруулбал, тус дүүргийн II хороо, тээврийн товчооны орчим байрлах есөн давхар байрнуудын оршин суугчдаас дулааны асуудал хүндхэн байгааг дуулгалаа. Тус байрнуудын оршин суугчид гэртээ цахилгаан халаагуур ашигладаг хэдий ч хангалттай халааж чадахгүйгээс  зутруу амьдарч байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг төлөөлөгч Д.Баттулгаас хүссэн. Тэгвэл “Баянгол” зочид буудлын хажууд байрлах орон сууцнуудын дээврээс ус алдаж эхэлжээ. Тиймээс дээврийг засах ажлыг нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар даруй шийдвэрлэж өгөхийг оршин суугчдаас хүссэн юм.

Мөн тус дүүрэгт байрлах 31 дүгээр сургуулийн орчим хоёр ТҮЦ ажилладаг бөгөөд Боловсролын тухай хуулиар сургуулийн орчим 50 метрт тамхи зарахыг хориглосон заалтыг зөрчиж байгаа гэнэ. Тухайн ТҮЦ-үүд тамхи ширхэглэн зардаг тул сурагчид тамхи татах, дам таталтад өртөх шалтгаан болж байгааг хэллээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авч дээрх хоёр ТҮЦ-ийг албадан нүүлгэж, хүүхэд багачуудыг хамгаалж өгөхийг хүсч байв.

“Улаанбаатар буян” компанийн ойролцоох зөвшөөрөлгүй ТҮЦ, дэлгүүрүүд авто замын орц, гарц хаасан асуудлыг шийдвэрлэхийг мөн хүслээ. Тэгвэл Нэгдүгээр сургуулийн урд талд байрлах караоке баарны цагийн хуваарьт хяналт тавьж, өдөр шөнөгүй ажилладаг байдлыг зогсоож өгөхийг хүслээ. Тус караоке нь цаг наргүй ажилладаг учраас архидан сонгтуурсан үйлчлүүлэгчид нь байнгын хэрүүл шуугиан, зодоон цохио хийж оршин суугчдын тав тухыг алдагдуулахаас гадна гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгааг тэд хэлж байсан юм. Мөн энэ үеэр иргэдээс орон сууцны хотхонуудын автозогсоолын хүрэлцээ муу байгаа хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.