Нийслэлийн прокурорын газраас баривчлах төвд шалгалт хийжээ

Нийслэлийн прокурорын газраас “Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Ганц худаг” гэх газарт байрлаж байсан Баривчлах төвийн эрүүл ахуй, байрны багтаамжийг сайжруулах зорилгоор 409 дүгээр хаалттай хорих ангид хуучин ашиглаж байсан хоригдлын байранд нүүлгэн шилжүүлж, засвар үйлчилгээ хийснээр одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар Нийслэлийн 8 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр баривчлагдсан нийт 2566 хүнийг хүлээн авч, шийтгэлийг эдлүүлсний 96 хувь буюу 2463 хүн нь эрэгтэй, 4 хувь буюу 103 нь эмэгтэй хүмүүс байна.  Баривчлагдсан этгээдүүдийн тоон үзүүлэлтийг урьд оныхтой харьцуулж үзвэл, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар  баривчлагдсан 1601 хүн байсан бол энэ оны мөн үеийн байдлаар баривчлагдсан хүний тоо 2566 болж, 965-аар буюу 38 хувиар өсчээ.

Шалгалтын хугацаанд Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийтгэврээр баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг Баривчлах төвд хүргэж өгөөгүй зөрчил тогтоогдоогүй, 1 хүний биед эмч үзлэг хийхэд цээжин тус газартаа гэмтэлтэй байсан тул “Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу хүлээн авалгүй, энэ тухай шүүхийн шийтгэвэрт тэмдэглэл үйлдэж, прокурорт мэдэгдэн, буцаасан байв. Баривчлах шийтгэлтэй этгээдийг хүлээн авахдаа холбогдох хууль, журамд заасны дагуу хүргэж очсон албан тушаалтныг байлцуулан иргэний бичиг баримт, зурагтай нь тулгалт хийн, шийтгэврийн бүрдлийг шалгаж хэвшсэн ба хөтлөгдвөл зохих бүртгэлийг бүрэн хөтлөн ажиллаж байна.

Баривчлагдсан этгээдийн тоо нэмэгдснээр байрны багтаамж нь хүрэлцэхгүй болж, 1 хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн ерөнхий прокуророос 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр прокурорын шаардлага хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 409 дүгээр хаалттай хорих ангийн эзэмшилд байгаа 2 давхарын 24 өрөө бүхий 1660 м.кв талбайтай хэсгийг төвийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэн, засварын ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна.

Дээрх шалгалтын дүнг Баривчлах төвийн албан хаагч нарт танилцуулж, цаашид Цагдаагийн байгууллагаас баривчлагдсан хүнийг хүргэж өгсөнийг “Баривчлах байрны дотоод журам”-д заасан үндэслэлээр хүлээн аваагүй буцаасан үндэслэлийн талаар прокурорт даруй танилцуулга ирүүлж байх үүрэг чиглэл өгч ажиллажээ. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …