“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ

Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн билээ.

Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан юм.

Тэгвэл энэ сарын 19-нд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд”-ийн сэдвийн хүрээнд толилуулахаар бэлтгэж байна.

 

“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балетын талаар Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Д. Оргилтуяа хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгааг хүн болгон мэдэж байгаа.   Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд олон нийтийн мэдлэг,хандлагад нөлөөлөхөд балетын урлагаар дамжуулан тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьж байна. Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдана.

Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулсан билээ. Монголын залуу бүжигчдийг сургалтад хамруулснаар тэдний ур чадварыг дээшлүүлж, модерн болон контемпорари бүжгийн арга барилд суралцах, заах аргачлалын ялгааг олж мэдрэх, төрөл бүрийн бүжгийн дэглэлт, төрлүүдийг сурч бусад орны мэргэжлийн бүжигчидтэй танилцах, туршлага солилцох боломжтой ” гэв.

“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет 5-р сарын 19-ний 19:00 цагт Корпорэйт Конвеншн Төвд ганцхан удаа тоглогдоно. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …