“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа хуримыг зохион байгууллаа

Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо.
“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ.


Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай байгууллагын нэр хүндтэй, шилдэг тэргүүний ажилчид юм. Нөхөр нь ачигч хийдэг, эхнэр нь зам талбайн үйлчлэгч хийдэг. Цэвэр цэмцгэр, хоггүй Налайх дүүргийн төлөө гэр бүлээрээ хичээн зүтгэж яваа учраас байгууллагынхаа хамт олонтой ярилцаад амьдралд ганц тохиох хуримын үйл ажиллагааг нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэв.
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн зүтгэж байгаа хосуудын хуримын үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг нар уригдан очиж, хүндэтгэл үзүүллээ.


З.Шалабай, К.Нургүль нар 1991 оноос хойш гэр бүл болж, хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд 3 охин төрүүлж, өсгөжээ.
Том охин нь сувилагчийн сургуульд суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон байна. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар том охиныг нь сургуульд нь үргэлжлүүлэн сургах, төгсөөд ажлын байраар хангахад бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Ийнхүү төрдөө данстай өрх гэр бүлийн тоо нэгээр нэмэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.