О.Энхтуул: Шоуны шүүгчээр ажиллах нь миний хувьд шинэ уран бүтээл

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группын албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгоод гурван улирал өнгөрсөн. Тэгвэл хүлээлт ихтэй байсан шоуны шинэ улирал тавдугаар сарын 5-наас үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Энэ удаа өмнөх гурван улирлын нэвтрүүлгийн 24 уран бүтээлчээс сонгогдсон 8 шилдэг оролцогч өрсөлдөж буйгаараа онцлогтой. Ингээд алс холын Герман орноос шоуны шүүгчээр ажиллахаар уригдан ирсэн жүжигчин О.Энхтуултай ярилцсанаа хүргэе.

-Таны өмнө дэлхийн болон Монголын одод нэгэн тайзнаа чуулан уран бүтээлээ толилуулж, шүүлгүүлж байна. “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллах ямар байна вэ?

Анх энэ нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах санал тавихад их баярласан. Монголд болж байгаа “Яг түүн шиг” шоуны дугааруудыг youtube сувгаар анх үзээд манайхан үнэхээр ингэж чадаж байгаа гэж үү гэж гайхан хүлээж авсан. Дээр нь дэлхийн нэвтрүүлгийн стандарт хангасан тайз, гэрэл, хөгжмийн дуугаралт нь хүртэл яг л байсан. Шоунд хамтран ажиллах санал намайг шоунд дүр хувиргалт талаас хараач гэж урьж байна гэж бодсон. Учир нь, би дуучин биш. Мэдээж миний хажууд мэргэжлийн өндөр шүүгчид ажиллана. Тэгэхээр тэр тал нь нөхөгдөөд явна.

Надад шоу эхлэхээс 10 хоногийн өмнө санал тавьсан. Энэ тухай нөхөртэйгөө зөвлөхөд “Хүүхдүүд том болсон. Чамайг энэ гоё шоунд урьж оролцуулна гэдэг нэр төрийн хэрэг” гэхэд нь л би маргааш нь онгоцны тасалбараа захиалан нисээд ирсэн. Үнэндээ яахаа ч мэдэхгүй ирсэн. Ирсэн өдрөө л шоу багийнхантайгаа уулзан шууд ажилдаа ороод л, ямар хувцас өмсөх талаар ярилцсан. Манай залуус маш мундаг болсон байна. Шоу багийнхны хувьд хүн бүр өөр өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж бүх зүйл өөр болжээ. Би микрофон барьж ярих учраас гар, хуруугаа янзлахаас эхлээд эмэгтэй хүн чинь үс, гэзэг, гадаад төрхөө их боддог юм билээ. Юун цагийн зөрүү ялгаа гаргах. Надад цагийн зөрүү гаргаж унтах цаг ч байгаагүй. Монгол даяар, дэлхий даяар үзэх том ажил учраас би шууд ажилдаа орсон. Ядралт бол юу ч биш. Шоу эхэлсэн мөчөөс манай найман оролцогч үнэхээр шилдгийн шилдэг гэдэг нь харагдаж байгаа.

Оролцогчид маань дүрдээ хувиран тайзнаа лифтээр гэрэл, манан дундаас гарч ирэхэд манай гуравхан сая хүнтэй ард түмэн дундаас ийм мундаг авьяастай хүмүүс төрж байна гэж бодохоор л гайхан хүлээн авч шүүх биш үзэгч болон хувирч баярлан хөөрсөн. Уг нь би тэднийг ододтой хэр адилхан болсныг, хоолойн дуугаралт гээд нарийн зүйлсийг харах ёстой шүү дээ. Гэтэл оролцогчид тийм ч сөхөө өгөхгүй үнэхээр мундаг байгаа.

“Яг түүн шиг” шоуны шинэ улирлын анхны дугаар цацагдахад охинтойгоо цуг сууж үзсэн. Анхны дугаарын дараа зарим найз маань миний ирснийг ч мэдээгүй байсан болохоор утасдаад л фэйсбүүкээр ар араасаа зурвас ирж дуугараад л “Хүүе ээ ирчихсэн юм уу, ирснээ хэлдэггүй ээ” гээд энэ шоугаараа олон хүнд гэнэтийн бэлэг барьсан. “Яг түүн шиг” шоуны шүүгчийн ажил миний хувьд хэдийгээр дүр бүтээж тоглоогүй ч гэсэн шинэ л уран бүтээл.

-Шоуны талаар магтах, шүүмжлэх зүйлс бий юу?

Миний үед телевиз ийм байгаагүй. Шүүмжлэх гэхээсээ магтах нь их байна. Бодит үнэн тийм байгаа учраас. Би Германд энэ шоуг үзэж байсан. Тэгэхэд Германы оролцогчдоос манайхан илүү авьяастай, яг л дуурайж чадаж байна. Зохион байгуулалт өндөр түвшинд хийгдэн дүр хувиргалтын баг, хувцас, тайзныхан ямар их сэтгэлтэйгээр нойр, хоолгүй ажиллаж байгааг дэргэдээс нь харахад надад өө хайх зүйл хараад өгье гэсэн ч алга.

-Оролцогчдоос хүлээх хүлээлт өндөр байгаа болов уу?

Эхний шүүлт дээр бүгдээрээ гоё байлаа. Дугаараас дугаарын хооронд тухайн оролцогч хэн бэ гэдэг ерөнхий дүр тодорч байгаа. Манайхан алхмаас алхамд улам чангарч, би шүүхээс айж байна шүү. Анх мундаг туршлагатай Г.Ганхүү шүүгч “Оноо өгөх л хэцүү дээ” гэсэн нь үнэн юм билээ. Одоогоор би тэдний юуг нь харж, хэлэх ёстой гэдэг дээр жаахан туршлагажиж, сэтгэл тайвширч шоуны гүн рүүгээ орсон. Хоёр дахь дугаараасаа нүд нээгдэн шоундаа, уур амьсгалдаа дассан. Яг шууд шүүгээд эхлэхээр биеэ барин амар биш юм билээ. Би хүн шүүж үзээгүй, дандаа шүүгдэж явлаа (инээв).

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар …