Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүнийг шалгаж байгаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.05.14/ сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Оюу Толгой” гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр”АТГ болон бусад байгууллагад Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалт хийж, гэрээтэй холбоотойгоор авлига авсан байж болзошгүй 4-5 хүнийг шалгаж байгаа гэсэн. “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.

“Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой” гэж мэдэгдлээ.


Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд уржигдар хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй байна гэдгийг хэлсэн.Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас цаашид нягтлаад явах байх.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон байгаа. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цаашид тус үйлдвэрийн 49, 51 асуудал юу болох вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу эсвэл гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.  ЗГХЭГ-аас ямар хохирол учирсан бэ гэдгээ тогтоож, хуулийн байгууллагад өгсөн байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд авч болох бүх ажлаа хийсэн.

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Засгийн газар хяналтгүй болчихлоо гэдэг шүүмжлэл маш их байгаад байна?

-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Захиргааны хэргийн хэдэн авлигжсан шүүгчдээс болж төрийн ажил явахгүй, олон лицензийн асуудал замбараагүй байсан.Тиймээс энэ хуулийг гаргахаас өөр аргагүй. Энэ хуулийн зохист хэрэглээг авах хэрэгтэй. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн мэдээлэлтэй байгаа. Хэрэв хориг тавьсан тохиолдолд бид дахин судалж, хуулиа илүү боловсронгуй болгоно байх.

-Хан-Уул дүүргийн 15-р сургууль дээр 500 гаруй хүүхэд сүрьеэ өвчний тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна?

-Би маргааш өглөө салбарын сайдтай нь хэд хэдэн сургууль, байгууллага дээр очиж ажиллана. Газар дээр нь ажиллана. Түүний дараа мэдээлэл өгнө.

-Мах, шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Ер нь Засгийн газар инфляци нэмэгдүүлэхгүй байх, үнийн нэмэгдлийн асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газар удахгүй энэ асуудлаар ярилцана. Махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүн дээр Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт мэдээлэл өгнө гэсэн. Түүний дараа шаардлагатай бол мэдээлэл өгнө. Ер нь бол улсын нэгдсэн төсөв нэмэгдсэн, эдийн засаг харьцангуй макро түвшинд нэмэгдэж байгаа учраас юмны үнэ савлах нөхцөл үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Засгийн газар дараагийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн инфляци, мөнгөний бодлого зэрэг асуудалд Монголбанкны удирдлагатай холбогдох асуудал яригдах байх.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …