Фото: Уран бүтээлч Ж. Анунарангийн “Хайр” үзэсгэлэнгээс

“…Цагаанаар илэрхийлсэн энэ үзэсгэлэн миний хэзээ нэгэн цагт хийхийг хүсэж байсан үзэсгэлэн мөн. Тэгэхдээ хайрын тухай илүү өргөн ойлголтоор хандахыг хүсэхийн зэрэгцээ тийм нэг үйл явдлаар түрэгдэн орж ирсэн үзэсгэлэн гэвэл ононо. “Хайр” нь хамаг ойр дотны чухал хэн нэгнээс эхлэн огт танихгүй нэгнийг ч энэрэн хайрлаж, сэтгэлдээ багтаадаг гэдэгт би итгэж байна” хэмээн таны тольдон буй энэхүү эрхэмсэг үзэсгэлэнгийн эзэн, уран бүтээлч Ж.Анунаран өгүүллээ.

Монгол гэрийн тооныг санагдуулам дугариг цагирагнаас эсгий үнэг, гурвалжин дүрс бүхий чимэглэлүүд, амьтдын бяцхан чихмэл, тоглоом, хонх сэлт унжуулсан өрөг урлагийн бүтээл энэхүү үзэсгэлэнгийн хоймрыг эзэлжээ.

Нялх хүүхдийг айж цочих, элдэв гай барцадаас хамгаалах зорилгоор эртнээс монголчууд дом шүтлэгийн хэлбэрээр ийнхүү үнэг,  тоглоом хайчилж унжуулдаг байсан билээ. Энэ дом шүтлэгээс ч болсон уу, харахад л хайр хүрэм, нялх үр хаа нэгтээ үнэгчлэн нойрсож буй мэт энхрий санагдуулна.

Өрөг урлагийн бүтээлээс гадна хатгамал, наамал, уран зураг хоршсон холимог техникийн 10 орчим зургаа үзэсгэлэнд дэлгэсэн нь мөн л өвөрмөц сэтгэгдэл төрүүлэхээр юм. Ж.Анунаран өмнө нь “Чөлөөлөлт”, “Өөрчлөлт”, “Өрнөлт”, “Орчил” зэрэг бие даасан өвөрмөц үзэсгэлэнгүүдээрээ олон нийтэд хэдийнээ танигдсан авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг билээ.

Монголын дүрслэх урлагт хожуу төрөн гарсан ч өдгөө томоохон байр суурийг эзлэх болсон нэн шинэ орчин үеийн төрөлд багтах бүтээлүүдтэй танилцъя гэвэл “Хайр” үзэсгэлэнд саатан морилно уу. Үзэсгэлэн  5-р сарын 23-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.