О.Сэргэлэн: Цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг цаашид хийх бүрэн итгэлтэй болсон. Мэс заслын техникийн хувьд ижил боловч хагалгааны өмнө болон хагалгааны дараа тусгай эмчилгээ хийдгээрээ онцлогтой.

Өвчтөний хувьд B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай гэсэн оноштой байсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Ерөнхийдөө манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 75 хүний 20 нь элэгний хавдартай гэсэн оноштой, тэдэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр хүмүүст хавдрын дахилт илрээгүй, эрүүл саруул амьдарч байгаа юм. Улсын төсвөөс элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг бүрэн даадаг болсонд талархаж байна. Гэхдээ цаашид цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна” гэлээ.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 54 настай Э гэх эмэгтэйд охиноос нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн нь  аж. Өнөөдрийн байдлаар ээж, охин хоёрын биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн амьдрах чадварын тухайд тухайн өвчтөн маш сайн гам барьж чадвал 15-20 жил ч болно гэж УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар хэллээ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан Анагаах ухааны төв эмнэлэгтэй хамтран анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 45 настай эмэгтэйд хийжээ. Үүнээс хойш нийт 75 хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийж, амьдрал хайрласан байна. Эдгээрээс хоёр тохиолдолд тархины үхэлтэй донороос дөрвөн хүүхдэд, 69-д нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.

Цусны бүлэг нь тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс амжилттай нэвтрүүлсэн нь энэ юм. Энэ төрлийн мэс заслыг элэг болон бөөрнөөс шилжүүлэн суулгаж хийх боломжтой аж. Харин зүрх болон нойр булчирхайг шилжүүлэн суулгах боломжгүй юм байна. Учир нь цусны бүлэг нь тохироогүй донорын хувьд зөвхөн амьд хүнээс хийх боломжтой тул зүрх болон нойр булчирхайд тохиромжгүй аж.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …