Ж.Батбаатар:“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг баримтлах ёстой

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлтэй хамтран өнөөдөр /2019.05.02/ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ийг “Эх хэлний хэрэглээ, Соёл ба Хэвлэл мэдээлэл” сэдвийн дор Нийслэлийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ий үндсэн зорилго нь сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал болох сонин , сэтгүүл, телевиз, радио, цахим сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, мэдээ мэдээллийн хэл найруулгад онцгой анхаарлаа хандуулж учирч буй саад бэрхшээлийг арилгах сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх гарц шийдлийг эрэлхийлэхэд чиглэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөгөөнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд идэвхтэй тэгш оролцоотой хамрагдаж, зөвлөгөөний үр дүнд нэгдсэн зөвлөмж гаргадгаараа онцлог арга хэмжээ юм.” гэдгийг онцлон хэлэв.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд
– “Монгол хэлний найруулгад үгсийн сангийн баялгийг ашиглах нь” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны гавьяат багш С.Дулам.

-“Цахим хэвлэлийн найруулга, анхаарах зүйл”сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор, профессор Д. Ганболд.

-“Хэвлэл мэдээллийн редакторлах ажил, тулгамдсан асуудал” сэдвээр “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа.

-“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийн хэрэглээ ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдвээр судлаач Б.Элбэгзаяа нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Ерөнхийлөгчийн Дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны гавьяат багш С.Дулам илтгэлдээ “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг хэвэнд цутгасан жижүүрийн хэдэн үгүүд хэрэглэдэг болсон байна. Энэ нь Монгол аман зохиол, үндэсний агуу яруу найрагчдын бүтээлийг уншиж сонирхохоо больж байгаагийн нэг илрэл юм ”гэдгийг дурдав.

“Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-нд хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, редакторуудын  төлөөллүүд оролцсон бөгөөд энэ үеэр сэтгүүл зүйн салбарын ахмад үеийн төлөөлөл хүрэлцэн ирж, хойч үедээ зөвлөгөө өгч байсан юм.

Түүнчлэн зөвлөгөөнд илтгэл тавьсан доктор, профессорууд сэтгүүлчид, редакторуудад хандан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг заавал дагаж мөрдөх хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юм.

МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар “Журамласан хэл зүй, журамласан толь бичиг гэдэг бол шууд дагаж мөрдөхийг хэлж байгаа юм. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан. Одоо ямар нэгэн сонины школ, редакцын дотоод журмаар зохицуулдаг маргаан огт байх ёсгүй. Журамласан толь бичгээ Улсын Ерөнхийлөгч ч бай, нэгдүгээр ангийн хүүхэд ч ялгаагүй баримтлах ёстой” гэв.
“Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ийн төгсгөлд дараах саналыг гаргалаа.
Тухайлбал,

– Телевиз, сонин, сэтгүүл, радио, цахим сайтын редакторуудад зориулсан тусгай сургалтууд зохион байгуулах

-Сэтгүүлчдэд редакторын ур чадварын сургалтыг явуулах

– “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжийг сурталчлах ажлыг МСНЭ-ийн ажлын албанд даалгав.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …