Ядуурлыг ташуурдагч

Хэний ч мэдэх, хэн ч хүлээн зөвшөөрөх, нүднээ ил байж байгаа баримт аргумент. Би өөрөө социалист, капиталист хоёр нийгмийн бүтээгдэхүүн учраас тэгж зориглон хөндөж байна л даа. Ардчиллын дуун цууриатсан 1990 оноос өнөөг хүртэл чилийсэн 29 жил өнгөрчээ. Гучин жил гээд ерөнхийлөөд авчихъя. Тэгвэл өнгөрсөн 30 жилд ардчилсан шинэ нийгмийн буянаар Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн, ядаж ДНБ-ээ аваад үз, социализмын үед СССР ба социалист ах дүү орнууд нь нийлж, албадаж ажиллуулаад ДНБ хэзээ ч тэрбум доллар хүрч байгаагүй юм, тэгвэл одоо 10 тэрбумыг аль хэдийнэ даваад алга болсон. Хэрэв Цэдэнбал гуайг амилуулаад босгож ирээд харуулбал юу харагдах вэ? Шиль толь болсон олон давхар барилгууд, гудамжаар дүүрэн хөлхөх барууны машинууд (нэг ч орос машин байхгүй болтлоо), хөдөөд Цэдэнбалын өөрийнх нь хүсээд хүсээд албадаад 25 сая хүрдэггүй байсан мал сүрэг нь 70 сая болчихсон, энэ чинь хөгжил биш гэж үү дээ?

Хувь хүн дээр аваад үз. Хувийн хувьчлагдсан нийгэм Монголд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрсдөө л төрдөө даатгуулах гээд үхэлдээд байгаагаас бус энэ их хот, хөдөөгөөр өдөр бүр холхиж явдаг монголчууд бол бүгд л хувийнхаа ба гэр бүлийнхээ ажлыг хөөцөлдөж явдаг юм шүү дээ. Тэд бол хувийн өмчтэй, үл хөдлөх хөрөнгө–байртай, газартай, хашаа байшинтай, малтай, машинтай, хүccэн улс орон руугаа аялдаг гадаад паспорттай (иргэн бүр), хүccэн гадаад орондоо очиж ажиллаж, сурдаг, эмчлүүлдэг. Хөдөөнөөс хот руу дураараа шилжин ирж, ажиллаж амьдрах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь нээлттэй. Ажлын байрууд үй түмээрээ бий болсон, ажлын байрны зарууд өдөр тутам, цаг тутам ажиллагсадаа урин дуудаастай! Юу нь дутлаа гэхэв?

Эсрэг аргумент. Монголчууд яагаад ядуу байдаг вэ, яагаад гурван хүний нэг нь мөнхөд ядуу гэх им тамгатай явдаг вэ? Гучин жил ардчилал шинэчлэл хийчихээд гуравны нэгийгээ ядуу байлгаад байдаг ямар увидас монголчуудад байнаа? Төрийн бодлого нь уу, эсвэл ард иргэдийнх нь сайрхан яриад байдаг “монгол ухаан”-ы ид шид үү? Эсвэл нүүдлийн соёл иргэншлийнх нь XXI зууны нэг хувилбар уу?

Дэлхий нийт, манай хөрш, түнш, хандивлагч бүх улс орон яг ийм асуултын өмнө тулж ирчихээд байна. Манай эх оронд иргэний дайн, гадны зэвсэгт халдлага, шашин-угсаатны мөргөлдөөн дайраагүй, өлсгөлөн, өвчин тахал, байгалийн гэнэтийн аймшигт осол гамшиг тохиогоогүй байтал ард түмэн нь ядуураад байдаг. “Увидас” гэж үүнийг л хэлэх гээд байна. Хашилтад авчихъя.

Гучин жилд гадаад улсуудаас өгсөн, тусалсан, хандивласан, зээлсэн, зээлснийг нь хүчингүй болгосон, монголчууд авч хэрэглэсэн, хэрэглэсээр байгааг нь мөнгөн дүнгээр тооцож гаргаад гурван сая хүнд нь хуваагаад хуваарилаад үзээрэй. Нүднээ итгэмгүй тоо!

Яасан бэ тэр их мөнгө? Бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, орлогын бодит өсөлт, нэг үгэндээ яг хэрэг болсон уу, яагаад өсч үрждэггүй юм бэ гэх асуулт гадаадын харилцагч нараас байнга тулгаастай. Тэгэхээс тэгэх гэж хор шарандаа ядуу суугаад байдаг юм уу? Явж явж гадаад түншүүдээс бидэнд тийм асуулт тавих дээрээ тулаад байна. Надад тавьж ч байсан л даа.

Монгол Улсын хэмжээнд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн албаны тоо байдаг ч би лав 100 хувь итгэдэггүй. Дээрээс нь би амны уншлага болгочихоор бардам хэлдэг дээ. Юу гэвэл өнгөрсөн 30 жилд ард түмнээрээ ажил хийлгэж чадсан ганц ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ганц ч Засгийн газар, ганц ч УИХ байгаагүй. Хойшид энэ янзаараа бол гарч ирэх ч үгүй. 2020 оны сонгуулийн дараа дахиад 3/1 нь ядуу, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахиад 3/1 нь ядуу, 2024 оны сонгуулийн дараа дахиад 3/1 нь ядуу… байнгын ритуал. Хэрэв нийгмийн халамжийн бодлого явуулахгүй бол тал нь ядуурахад ганцхан хуруу дутуу.

Ядууг оролцуулаад тарчиг, өртэй, мөн мөнгөтэй, гэхдээ гундуу уур уцаартай бүх монголчуудад “Та нар буруугүй, улс төрчид л буруутай, жишээ нь тэр тэр нар” гээд дээрээс шууд заагаад өгчихтэй зэрэг дайсан нь тодроод ядарсан ард түмэн цайрч цагаараад ял дуудаад эхэлдэг. Цайрч цагаарна гэдэг нь ажил хийх дургүй болоод (ерөөсөө ажил хийж яах юм!) бэлэнчлээд хэвтчихнэ гэсэн үг.

Өөрийнхөө сайн мууг хүн өөрөө л үүрэх ёстой, гэтэл монголчууд бусдад нялзаадаг араншинтэй. Ядуурсан гуйлагчилснаа надаас боллоо гэж байгаа монгол хүн би хараагүй.

Ажилгүй, завтай, сул дэл хүнд ёдрын бодол орж ирнэ гээч. Зах зухаас нь дуулгая. Өнгөрсөн 30 жилд улс төрийг авч явагсад МАНАН гэж нэг лут хаягтай болчихсон, тэд нь Mонгол орныг тоноод дээрэмдсэн, тэдний бүх булайг монголын ард түмэн яс махандаа хүртэл ойлгож авсан, одоо эх орноо аврахын тулд өшөө авах, хорслоо тайлах ганцхан зам л үлдсэн хэмээн захын жирийн иргэн амны уншлага болгох нь холгүй. Цайлган цагаан ядарсан ард түмнээ мөлжиж хөлжсөн баячууд олигархичуудаас цусан өшөө авахыг улс төр нь бараг уриалан дууддаг гэчихэд хилсдэл болохгүй. Нийтээрээ дайсны эрэлд явж байхад нь дайсныг нь улс төрчид нь заагаад өгчихлөө. Тэр дайсандаа дайн зарлаад дайтаад байдаг хэрэг. Одоо хэвлэлийн коментоор л дайтаж байна. Мөд яах бол?

Социологийн зарим судалгаагаар Монгол орон өнгөт хувьсгалын яг босгон дээр, баялгаа барж идээд өлсгөлөнд нэрвэгдсэн “Азийн Венесуэл” болохын зам дээр байна. Монгол оронд өнгөт хувьсгал дэгдэнэ гэж би ёрлож байгаа юм биш. Хэзээ хэрхэн дэгдэх өдөр судрыг мэргэлдэг нь биш. Гэхдээ энэ их ядуурал, нийгмийн тэгш бус байдал, социал ялгарал, үзэн ядалт дээр ганцхан цучил хийгээд чүдэнз зурчихад л гал оволзоод явчихна. Ёстой дүрэлзэнэ. Хэрэв тэгж босч тэмцвэл манай улсын хууль хүчний байгууллагууд ёстой нэг барьц алдана. Шалтаг л хүлээгээд байгаа юм шиг надад санагддаг. Хятадуудын эсрэг албан ёсны ноцтой том зэмлэл, УИХ-аар ШХАБ-д жинхлүүлэхээр санал хураах, төрийн түшмэдийн хэн нэгэн нь жирийн иргэнд халдаад амийг нь сүйтгэчихвэл, эсвэл жагсаал цуглааныг тараах гэж хүч хэрэглэн цус урсгавал, олон хоногоор зам хаавал, гэр хорооллыг хүчээр буулгах гэвэл гэхчлэн маш олон шалтаг. Хэрэв аль нэг нь л тохиовол тэсрэлт гарахад тун ойртсон мэт ёр надад буудаг. Тохироо ч бүрдсэн л дээ.

Үй олон ядуус, ноорхойчууд, өртөнгүүд нийгмийн хүч хэрэглэсэн хувьсгалын хөдөлгөгч хүч байсныг (Киргизэд хоёр удаа, Украин, Гүрж, Арабын орнуудад гэхчлэн харуулсан) манай улс төрчид огт санаж мэдрэхгүйгээр попдож байна. Өөрсдийг нь мөдхөн хөнтөрч хаяад ял дуудаад шившиглэнэ гэдгийг мэдэхгүйгээр өмнөхүүдээ харлуулаад яллаад, хураагаад, баривчлаад байвал цагаадчихна, дахиад ялчихна гэсэн бөөн итгэл сэтгэл.

Нэгэнтээ хүн амын тал чинь улс төрийн эсрэг, улс төрчдийн эсрэг, 3/1 нь үгээгүй ядуу, ядуугаасаа болж хар мөртэй байх аваас Төрийн ордонд суугаа, яамдад суугаа аль намын хэн ч тэдний хувьд дайсан нь. Өмнөх ба одоо гэж ялгахыг хувьсгалын хөдөлгөгч хүч–хар масс хүсэхгүй.

“Улс төрчид буруутай, Та нар буруугүй ээ” гээд далан долоогоор буугаад өгчихтэй зэрэг ерөөсөө төр-засгийн ажил алба ч явахаа больчихно. Төрийн бүх албан хаагчдыг бүгдийг нь хулгайч гэж үзнэ. Гудамжинд дүрэм зөрчсөн нэг приүсийг цагдаа зогсоогоод торгууль бичихэд цаад жолооч учиргүй уурлан “Ядарсан ард түмнээ дээрэмдлээ” гээд бөөн хэл ам хийгээд гудамж дүүрэн хэрүүл хараал. Тэр цагдааг жолооч нар бөөрөлхөж алах дөхөж байна лээ. Бүр цагдаагийн байгууллага ч ажлаа хэвийн явуулж болохгүй болж таарлаа. Би зам дээр харснаа л бичиж байна. Цааш нь эрүүгийн гэмт хэргүүд, ялангуяа ахуйн хулгай, залилан, халаасны хулгай, дээрэм хийгчид ял сонсох болохтой зэрэг улс төрчид рүү буруугаа чихчихээд хэргээ хэрэгсэхгүй болгохыг шаардах юм биз дээ? Ингэхэд ганцхан хуруу үлдсэн шүү. Элбэгдорж, Гончигдорж, Сайханбилэг, Баяр, Энхсайхан… нарыг талбай дээр ил шүүхээс нааш би хэргээ хүлээхгүй ээ гээд шоронгийн ялтнууд хэвтчихэд тун ойртсон. Ерөөсөө ядуу л байвал ямар ч сайн хүн хар мөртэй болж хувирна. Ядуу хүнээс ямар ч муу үйл гарна. Ядуурал нийгмийг амар заяа үзүүлэхгүй. Нийгмээ ямагт шоглоно.

“Та нар буруугүй ээ” гэдгийн хариуг мөн ч олон хувилбараар төсөөлж болж байна л даа. Нэгэнтээ улс төрчид нь олигархитайгаа нийлээд гударчихсан тул цайлган цагаан ядарсан ард түмэн нь дээдсээсээ мөнгө тавьж олгохыг шаардаад, болохгүй бол дээрэмдэж авах ёстой гэхийн наагуур байна. “Ард түмэн чинь ядуу байна” гээд Ерөнхий сайд нь төрийн түшмэдээ заналхийлчихсэн тул одоо төрөөсөө мөнгө нэхээд байх нь тэр. Хураагдаж буй үй олон лицензийн сураг гарч, түүний цаана багширсан их мөнгө ядарсан ардуудын нүднээ буулаа. Тараах өдөр судрыг ард иргэд нь тэсэн ядан хүлээнэ. Салхитын мөнгөний орд руу ЗГХЭГ-ын дарга ахлаад лиценз хураах ажиллагаа явуулчихсан, зурагтаар баахан харуулчихсан, Салхитын мөнгөний ордын хураагдсан мөнгөнөөс Цагаан сарын өмнө хөгшчүүлийн тэтгэвэрт нэмж өгөхгүй юм байх даа хэмээн манай хамар хашааны нэг хөгшин ярьж байсныг би жишээлж, эрх баригчиддаа хүргэж байна.

Ажил хөдөлмөр эрхлэх, ажлын бүтээлээр мөнгө босгохын эсрэг, төр нь мөнгө хуримтлуулахын эсрэг зан үйл, ажил үйл Монголд дэндүү олон. Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг явдлуудыг нэрлэе.

Улс даяараа баяр ёслол тасрахгүй, тасраахгүй янзтай. Он гарахад л Шинэ жилээ нижгэр тэмдэглэж байна. Бараг залгаад Цагаан сар, “Мартын 8”, Эр цэргийн баяр, гавьяатын найр, одонгийн найр, Наадам, аймаг сумдын наадам, бүсчилсэн наадам шил дарна. Амралтын өдрүүд нь урт гэж яана. Долоо хоногоор нь амраачих явдал энгийн үзэгдэл. Баярлах болохоороо ядуу гэдэг нь алга болчихно. Бүх айл өрх, бүх хамт олон, ард нийтээрээ баярлана. Зурагтын дэлгэц уйдахааргүй. Ажил хэрэгч, бизнесийн, мэдээ мэдээллийн, эрдэм түгээх нэвтрүүлэг алга болчихно. Жишээ нь хамгийн үнэтэй гэх Шангри-Лад суудал олдохгүй болтол баярлана гээч. Манайхан саваагүйтээд тэр таван одтой буудал гэдгийг нь үзье гэсэн шиг шаваастай. Манайхны улс төрчдөөсөө босгосон нөгөө их мөнгөө зарцуулж байгаа царай нь нэг иймэрхүү. Хувьдаа хөл дүүжлэх машинтай, гэр байшингаа хувьдаа авчирхсан, гэртээ зурагт хөргөгчтэй, өлөн хонодоггүй ийм ард түмэн өөрсдийгөө ядуу гээд төрдөө туньчихаад төрөө сөхрүүлэх гээд байгааг би ямар нэг хорлолюм болов уу гэж үздэг.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг явдлуудаас ичихгүй нэрлээд байя. Шагналын тогтолцоо гэж нэг гаж үйлс Монголын нийгэм, хүн ардыг ямагт үймүүлж, талцуулж, сэтгэхүйг нь эвдэж, хийж бүтээхийг сарниулж дуусч байна. Насанд хүрсэн хүн болгон “Алтан гадас”-тай байх ёстой гэсэн мухар сүсэгт автсан. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл, элдэв гуншин Монголын нийгмийг дарсан. Гавьяат өгөхгүй бол үхлээ гэж төрдөө туньсан 17 мянган хүний өргөдөл тодорхойлолт ЕТГ-ыг дарчихсан, хэрэв Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс тооцвол гавьяат өгсөөр, сугарч хоцорсоор, Багабанди нь өвлөж аваад гүйцээгээгүй, Энхбаяр, Элбэгдорж нараар дамжаад өгөгдөөгүй гавьяатын өргөдөл бичиг 43 мянга (нөгөө ертөнц рүү явж одсон нь маш олон) байна гэнэ лээ. Хүн амын 3/1 нь ядуу Монголын “Гавьяатын гайхамшигт үлгэр” явж явж энэ л дээ. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл хүртэхийн тулд л монгол хүн ажил хийхчээн болдог юм биш үү?

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг явдлуудаас миний онилж шүүмжилдэг нэг үзэгдэл бий. Ажиллаж хөдөлмөрлөхийг нь сатааруулсан, сарниулсан, сэтгэхүйг нь олон тийш нь татаж үймүүлсэн шоу цэнгүүн, концерт, зугаа цэнгэл дэндүү олон, ар араасаа угсраад л. Ард түмнээ сэхээ авах завдалгүйгээр л дуу хуур, урлаг, уран сайхнаар бөмбөгдөөд байх нь тэр. Гуравхан сая хүндээ ахдахаар мянга мянгаар тоологдох лам, бөө, үзмэрч, удган, мэрэгч төлөгч, гэгээнтэн, шидтэн, нийтийн дуучид, хошин шогчид, солонгос сериал түгээгчид, сүлжээчин, чэнж, ломбардчин, хүнчин, тэднийг дагасан нийгмийн маш том салбарууд байдаг ба тэднийг дагаж намирсан, наргисан, тойрч нягтарсан, омогшсон олон зуун мянган хөгжөөн дэмжигчидтэй. Гэм нь тэр салбарууд нь Монгол Улсын сан хөмрөгт ганц ч төгрөгийн ашиг өгдөггүй, улсын төсөвт нэмэр болдоггүй, хөгжөөн дэмжигчид нь бүтээлч хөдөлмөрийн алтан цагаа дэмий үрдэг. Энэ улсад юу нь ихдээд байна гэхлээр архины дэлгүүрүүд, амралт зугаалгын газрууд, цэнгүүний газрууд, зочид буудлууд, эмийн сангууд, хуурамч сүм хийдүүд, хөгийн кинонууд, төрийн конторынхон, нам дагаж далбаганагсад л их байна. Монголд хөдөлмөрлөж бусдыгаа тэжээж буй нь маш цөөхөн болсон, болж ч байна.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг дээд боловсролын тогтолцоо ёстой нэг алж байнаа. Гадаад улсад боловсролын тогтолцоо нь онц сургахыг (зөвхөн дүн), олимпиадад түрүүлэхийг, нийгмээрээ дээд боловсролтой болохыг хөхиүлдэггүй. Амьдралд арчаатай, ажилч хөдөлмөрч, нийгэмч, зөв хүн байхыг сургадаг бол Монголд зах зээлийн нийгэмд өөрийгөө бэлтгэх талаар хичээл дадлага огт олгодоггүй. Хувь хувьсгалын их дээд сургуулийнх нь тоо хэтрээд, төгсөгчдийнх нь 70 хувь ажилгүйддэг. Улсаараа, нийслэлээрээ дүүрэн ромбо дипломтой, эцэг эхээ мөлжсөн дээд боловсролтонгууд.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэгт бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлдэг, бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлдэг практикийг нэрлэж байна. Хийж бүтээдэг гадаад улсад бол халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд нь гүн суусан. Монголын захын иргэн төр засаг биднийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээтэй. Халамжийн бодлого тийм сэтгэхүйг нь байнга хөөргөдөж өгдөг.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэгт гадаадад байгаа монголчуудаас орж ирдэг мөнгөний их урсгал орно. Солонгост дөчин хэдэн мянган монгол хүн байна хэмээн бахархалтайя ярихыг бишгүйдээ сонсдог. Тэд бол дор бүрнээ Монгол дахь аав ээж, ахан дүүсээ ажил хийлгүүлэхгүйгээр тэжээн тэтгэгчид юм. Ганц Солонгос гэлтгүй ертөнцийн өнцөг булан бүрээс Монгол руу мөнгө цутгаастай. АНУ-д америк иргэнтэй гэрлэсэн монгол бүсгүй Монгол руу мөнгө илгээдгээ нөхрөөсөө тас нуучихсан, сарын цалингаа багасгаж хэлж ойлгуулчихсан банк руу о нууцаар шогшоод л. Герман, Британи, Франц… хаана л бол ийм үзэгдэл түгээмэл. Нэгэнтээ сар бүр, тогтсон хугацаанд гадаадаас мөнгөн илгээмж ирээд байх юм бол ерөөсөө ажил хийж биеэ зовоож яах юм бэ? Ард нь Монгол эх орон маань босч өндийхгүй байна гэдгийг ухаарах сөхөө байгаад ч яах юм, идэж ууж хэрэглэж л байвал?

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг улс төрийн гаж тогтолцоо – олон намын систем бол чухамдаа хөгжлийн чөдөр юм. Нам дагасан хүн сүрэг, сүргийн гишүүний мэдлэг чадвар, боловсрсол чухал биш, гэхдээ тэд хүссэн тушаалдаа оччихдог учраас дэлхийн боловсрол өвөртөлж ирсэн нэр төртэй залуус ой нь гутаж үхээд эргээд гадаад руугаа алга болдог гашуун түүхийг нэрлэе.

Өнөөгийн Монголд популизм л хөгжөөд байгаагаас ажил олж хийх, ажлаа үнэнчээр хийх сонирхол иргэдийн дунд бараг үгүйтэй адил. Ерөөсөө ажил хийгээд яах юм. Улс төрчид нь мөнгө олж өгөөд байх юм бол зүгээр авч хүртчихээд, идээд, хэрэглээд, үрээд байхаас өөр яах юм. Өгөхгүй бол УИХ-д сонгохгүй, тэгэхлээр өгч л таарна. Зүй тогтол нь яг ийм юм.

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    Бодит байдал яг л ийм байгаа. Харамсалтай нь хүн бүхэн үүнийг ойлгох, ойлгохыг хүсэхгүй байгаа

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.