Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр А.Баяржаргал тодорлоо

Гоулдмэн Байгаль орчны Сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт олгогддог олон улсын нэр хүнд бүхий Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ нь  4  сарын 29-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын Дуурийн Театрын байранд ёс төгөлдөр болж өнгөрлөө.

 

2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын  эзнээр Ази тивээс А.Баяржаргал, Хойд Америк тивээс Л.Гарсиа, Африкаас  А.Браунэлл, Өмнөд ба Төв Америкаас  А.Курамил, Европ тивээс А.Лесоска болон Австрали ба Номхон далайн бүсээс  Ж.Эванс нар тус тус шалгарчээ.

 30 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж ирсэн энэхүү шагнал гардуулах ёслолыг Гоулдмэн Байгаль орчны Сангийн Дэд Ерөнхийлөгч ноён Д.Гоулдмэн, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан ноён А.Гор нар үг хэлж нээсэн бөгөөд уг хүндэтгэлийн арга хэмжээнд МУ-аас АНУ-ын Сан Франциско хот дахь ЕКГ-ын төлөөлөл, АНУ-д оршин суугаа монгол иргэд, Байгаль орчин ба байгалийн баялгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, бусад хүндэт зочид болон албаны хүмүүс зэрэг нийт 3000 гаруй хүмүүс оролцлоо.

 

Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачилж, тус газарт нутагладаг цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн үгүй болох, улмаар  бүрмөсөн устах аюул нүүрлэснийг олон нийтэд мэдээлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын эсрэг үйгагүй хөөцөлдөж тэмцсэний үр дүнд байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн 37 ширхэг лицензийг цуцлуулах, бүсийн хилийн цэсийг тогтоох болон байгалийн нөөц ангилалаар нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрүүдийг гаргуулсан болно. Иймд А.Баяржаргалын гаргасан энэхүү идэвх зүтгэл, гавьяа хөдөлмөрийг нь Гоулдмэн Байгаль орчны Сангаас өндрөөр үнэлж  Гоулдмэний нэрэмжит олон улс дахь нэр төртэй өндөр шагналын эзнээр тодруулсан болно.

Ирвэс Хамгаалах сан (ИХС) нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс, түүний идэш тэжээлийг хамгаалах, улмаар энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг ТББ байгууллага юм. Монгол орны өндөр уулсын бүсийн гол төлөөлөгч болох энэхүү ховор, нууцлагдмал амьдралтай амьтаныг хамгаалснаар тухайн нийт нутгийн экосистем, биологийн төрөл зүйлийг бүхэлд нь давхар хамгаалж чадна гэж тус сангаас үздэг байна.

Монголын ИХС нь дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (ОУИХС) www.snowleopard.org , мөн цоохор ирвэс хамгаалах үйлсэд бусад улс орнуудад энэ чиглэлэр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэн татан оролцуулах зорилго бүхий Ирвэс Хамгаалах Сүлжээтэй www.snowleopardnetwork.org тус тус хамтран ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, 2007 онд манай улсаас “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр уг шагналыг хүртэж байсан байна.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Сайхан мэдээ байна. Эгэл даруухан мундаг эмэгтэй, байгаль дэлхий, эх нутгаа хамгаалах ажлыг нь дэлхий үнэлжээ. Жирийн монгол эмэгтэйн хөдөлмөрийг дэлхий үнэлжээ. Манай монгол бүсгүйчүүд улам хүчирхэгжсээр. Баяртай байна. Баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.