Ц.Өлзийбаяр: Э.Даваахүү олимпод оролцох эрх авсан тамирчин боллоо

Бээжин хотод “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн сарын сүүлээр болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд манай улсаас Буудлага спортын шигшээ багийн хоёр тамирчин “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрхээ авч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлэн, бахдам амжилтыг үзүүлээд эх орондоо ирлээ. 

Тодруулбал, Бээжинд болсон Дэлхийн цом тэмцээнд гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү  577.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авав. Түүний хувьд энэ төрөлд Монгол улсаас Олимпод оролцох хоёр дах удаагийн эрхээ авсан эрэгтэй тамирчнаар ийнхүү тодорлоо. Өмнө нь 1988 оны олимпод оролцох эрхийг Ундралбат тамирчин эх орондоо авчирч байсан түүхтэй.

ОУХМ Энхтайваны Даваахүүгийн амжилтын хуудсыг сөхвөл, Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль зэргийг хүртжээ. Түүнийг нисэх онгоцны буудал дээр түүний багш Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр болон гэр бүлийнхэн, хамт олон нь угтаж авсан юм. Энэ үеэр нь цөөн хором хөөрөлдлөө.

-Дэлхийн цомоос олимпт оролцох эрхээ авсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар?

-БНХАУ-д зохиогдсон Дэлхийн цомоос монголын буудлага спортын төрөлд Олимпт оролцох хоёрдах эрхийг авсандаа маш их баяртай байна. Буудлагаас бусад тамирчид маань олимпт оролцох олон эрхийг эх орондоо авч ирэх байх гэж найдлага тавьж байна. Мөн бусад төрлийн тамирчид маань ч гэсэн олон олимпийн эрхийг авах байх. Монгол төрийн далбаа Токиогийн тэнгэрт олон мандах болтугай гэж хүсэж байна.

-Буудлага спортоор хичээллээд 10 жил болж байгаа. Энэ хугацаанд гаргасан өөрийн амжилтынхаа түүхээс хуваалцана уу?

-Буудлага спортоор хичээллээд нэг жилийн дараа 2009 онд Хонг Конгт зохиогдсон Зүүн Азийн тоглолтод монгол улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож Олон улсын хэмжээний мастер болж байлаа. Энэ оноогоо ахиулж 2013 онд Германы Дэлхийн цомд орж финалдаж зургаадугаар байрыг эзэлж байсан. Харин сая Бээжингийн Дэлхийн цомоос өөрийнхөө Олон улсын тэмцээнийхээ оноог 3-р ахиулж амжилттай оролцож шигшээ тавд шалгарч Олимпийн эрхээ авлаа. Мөн 25 метрийн хурдан буудлагын төрөлд Монгол улсынхаа рекордыг шинэчилж хувийнхаа амжилтыг ахиуллаа. Цаашдаа монголынхоо амжилтыг улам илүү ахиулж, Монгол төрийнхөө далбааг олон мандуулах болно гэж хэлмээр байна.

-Дэлхийн цомын дараагийн тэмцээнүүдэд оролцох уу?

-Буудлага спортын төрөлд Олимпийн эрх олгох гурван тэмцээн үлдсэн. Энэ тэмцээнүүдэд Олимптоо бэлдэх зорилгоор оролцоно. Олимпийн эрхээ авчихсан гээд оролцохгүй тайвширч болохгүй. Манай тамирчид энэ тэмцээнүүдээс олимпийн эрх авах олон шаанстай тамирчид байгаа гэж би харж байгаа. Олимп болохоос өмнө нийтдээ долоон том тэмцээн байгаа туршлага хуримтлуулж бүгдэд нь оролцож, олимпийн эрхээ медаль болгохын төлөө хичээнэ ээ.

Ц.Анударь: Анхны дэлхийн цомын тэмцээнээсээ Олимпийн эрхээ авсандаа баяртай байна

Мөн Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпт оролцох эрхийг эмэгтэй хийн гар бууны төрөлд спортын мастер Ц.Анударь авсан юм. Буудлагын спортоор хичээллээд таван жил болж байгаа ажээ.

Тэрбээр: Тэмцээн нэлээн их өрсөлдөөнтэй боллоо. Би 578 оноогоор финалдаж 6-р байранд орж, олимпт оролцох эрхээ авсандаа маш их баяртай. Миний хувьд оролцсон Анхны дэлхийн цомын тэмцээн. Лхадорж багшдаа болон Хангарьд клубын хамт олондоо баярлалаа. Мөн гэр бүлийнхэн, Монголын буудлага спортын холбоондоо баярласан сэтгэгдлийн үгээ уламжилж байна.

Буудлага спортын тамирчин Э.Бадамгарав: Дүүтэйгээ хамт тэмцээнд оролцох нь чухал байсан

-Дүү нь олимпийн эрхээ авлаа. Мөн та тэмцээнд оролцсон байгаа энэ тухай ярина уу?

-Дэлхийн цомын тэмцээн сайхан болж өнгөрлөө. Миний хувьд өөрийн техникийн алдаа гаргасан. Бэлтгэлээ сайн базаасан байсан ч техникийн алдаанаас болж муу буудсан. Үндсэндээ 60 сум буудаж 600 оноо авах ёстойгоос 559 оносон.

-Таныг Э.Даваахүү дүүгийнхээ дасгалжуулагчаар тухайн үед ажилласан гээд байгаа. Энэ талаар?

-Дүүг финалдах үед дасгалжуулагчийн суудалд суух хүнгүй болсон юм. Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багш яваагүй энд үлдсэн. Тамирчидтай хамт гавьяат Ундралбат багш Гүндэгмаа гавьяатыг дасгалжуулж явсан. Тухайн үед тэмцээн давхцаж болсон юм. Тэгээд дүү маань “та миний ард заавал байх ёстой” гээд тэгээд би дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж ард нь суусан юм. Тамирчны ард заавал нэг хүн сууж, дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой байдаг юм. Ингээд суучихсан болохоор намайг дасгалжуулсан гэж хүмүүс ойлгосон юм шиг байна лээ.

-Монголоос нийт хэдэн тамирчин оролцсон бэ?

-Монголоос 30 гаруй тамирчин явсан. Спортын мастер Ц.Анударь эхэлж олимпийн эрхээ авсан. Түүний олимпийн эрх булган сүүлтэй байлаа. Дараа нь Э.Даваахүү олимпт оролцох эрхээ авлаа.

-Өөрөө дараагийн дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцох уу?

-Миний хувьд дүүтэйгээ хамт дэлхийн тэмцээнд оролцох нь чухал байсан. Яагаад гэвэл дүүгийнхээ сэтгэл зүй, ард нь дэмжих хэрэгтэй мөн өөрөө хүчээ сорих шаардлагатай байлаа. Тэмцээнд явахад өөрөөсөө санхүүгээ гаргадаг. Энэ асуудлыг маань нутгийн ах нар болон гэр бүлийнхэн маань гаргасан. Биднийг тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би дараа дараагийн дэлхийн цомын тэмцээнд оролцохыг бодож байна. Хамгийн гол нь тэмцээний зардал гэдэг зүйл тамирчдад тулгардаг том асуудал бий. Олимпийн эрхээ авах тэмцээндээ илүү сайн бэлтгэж байгаад оролцоно л гэж бодож байна даа.

МУ-ын Гавьяат Дасгалжуулагч Ц.Өлзийбаяр: Олимпийн эрх авна гэдэг тийм амар хялбар байгаагүй

-Таны гарын шавь Э.Даваахүү Олимпт оролцох эрхээ эх орондоо авч ирлээ. Таны сэтгэгдлийг хуваалцъя?

-Миний шавь Э.Даваахүү 10 жил хөдөлмөрлөж Олимпийн анхны эрхээ авч байна. Эрх авна гэдэг тийм амар хялбар байгаагүй. Би эндээс тэмцээнийг  интернетээр үзсэн. Сүүлийн 10 сумыг 99 онож 583 оноо авч 5-р шалгарлаа. Монгол улсын хамгийн анхны буудлага спортын олимпт оролцох эрхийг Ундралбат 1987 онд Германд авч байсан. Үүнээс хойш эрэгтэй гар буучдаас олимпт оролцох эрхийг Э.Даваахүү авчирлаа.

Буудлагаар хичээллэж эхэлсэн цагаасаа Э.Даваахүү Монголдоо нэг номерын тамирчин байсан. Лондон жонрогийн эрхийг хараахан авч чадаагүй. Дэнүү залуудаж байсан. Дэлхийн гар буучдын амжилт маш их нягтрал ихтэй болсон. Тиймээс эрх авахад маш хүнд байна. Урт буучид 1173 оноогоор финалд орж шалгарахгүй байна шүү дээ. Э.Даваахүү олимпийн хурдан буудлагыг сайн буудаж байгаа. Энэ төрөлд бэлдэх гэхээр Олимпийн хурдан буудлагад зориулсан сум нь манайд байдаггүй. Энэ жилээс ирэх юм гэсэн. Тэгвэл бас тэр сумаар оноогоо илт сайжруулах бүрэн боломжтой болно. Сая 577 онож улсынхаа рекорд амжилтыг олимпийн хурдан буудлагад тогтоож ирсэн.

-Тэмцээнд явахаас нь өмнө шавьдаа юу гэж зөвлөж байв?

-Хамаагүй их юм захиж хэлэх нь тамирчинд дарамт болдог. Тийм учраас “чи юуг яаж хийх вэ гэдгийг анхаарч”, гараа өргөж буудаж бай гэж хэлсэн. Тэрнээс биш 10 оноё гээд оночихдог эд биш. Гар буу чинь урт буунаас нэлээд их төвөгтэй дасгал.

-Та монголын олон сайн тамирчдыг дасгалжуулж дэлхийн тавцанд гаргасан. Шавь нарынхаа амжилтын талаар ярина уу?

-Миний шавь нар олон амжилтыг үзүүлсэн сайхан хүүхдүүд бий. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Д.Мөнхбаяр. Германд 1994 онд очиж сургуульд сурсан. Гэхдээ 1994-2000 он хүртэл дандаа Монголын нэрийн өмнөөс оролцож Дэлхийн тэмцээнээс 37 медалийг авч байсан даа. Жишээлбэл, дэлхийн аварга, Олимпийн хошой хүрэл медаль гээд нэрлээд байвал олон. Германы хүн болоод 30 гаруй медалийг авч өгсөн.

Би Гүндэгмааг 1996 онд олимпт бэлтгэж оруулсан. Тэгэхэд 5-р байранд шалгарч өндөр амжилт үзүүлсэн. Түүнээс хойш Гүндэгмаа олон амжилтыг үзүүлсээр байгаад 2008 онд Олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Тухайн үед надаас сурвалжлагач “Гүндэгмаа одоо ямар амжилт үзүүлэх вэ” гэж асууж байсан. Би тэгэхэд 590 байтугай түрүүгийн түрүүгээр түрүүлж гарсан нь биш финалаараа ялж гардаг тамирчин. Ямар нэгэн онцгой тохиолдол гарахгүй бол нэгдүгээр байраа хадгалж гарна аа гэсэн тэгэхэд л онцгой байдал үүсээд мөнгөн медаль авсан. Өөрөө хэлэхдээ бууны гацаа байдаг л юм гэж хэлж байсан юм. Туршлагатай тамирчин ингэж л хариулна шүү дээ.

Дараа нь Ундралбат ч миний шавь. Э.Даваахүү 2008 онд шавь болсон цагаасаа хойш л олон сайхан амжилтыг үзүүлж явна. Монголдоо болсон бүх тэмцээндээ түрүүг нь авдаг тамирчин.

-Олон шавь төрүүлсэн багш хүний хувьд Монголын төр засгаас гар бууны тамирчдыг яаж дэмжээсэй гэж бодож явдаг вэ?

-Маш олон амжилт гаргаж, рекордыг тогтоосон тамирчдаа тухайн цаг үед нь нүдийг нь олоод урамшуулж, тэмцээн уралдаанд явахад нь зардал мөнгийг нь шийдэж өгдөг байгаасай  л гэж хүсэж байна.

Та түрүүн буу гацах гэж ярилаа. Бууны гацааг тухайн үед гаргах боломж байдаг уу?

-Тэмцээний үеэр өөртөө маш их итгэлтэй байх ёстой. Өмнө нь хийсэн бэлтгэлийнхээ үйл ажиллагааг яг тэр үед бодож байх ёстой. Гараа өргөж байхдаа л техникээ бодож байх нь чухал. Автомат буунуудын гацаа гардаг. Тэрнээс хийн буу болон бусад буунуудад гарахгүй. Мөн олимпийн хурдан буунд бас гардаг. Гацаа нь ноцтой л биш бол их гараад байдаггүй юм аа.

Х.Даваа

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.