Намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг долоон нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болох юм.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын Бага хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Сонгуулийн хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлсэн, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд шийдвэрлэнэ. Ер нь бол нэр хэн гэдэг нэр дэвшигчийг бүртгүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа бөгөөд дахин Бага хурлаараа шийдвэрлэнэ. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэлээ.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. 42-р тойргийн нөхөн сонгууль бол 2016 оны 60 тэрбум, 2017 оны мөнгөн дээр тогтсон сонгууль явуулж болохгүй гэдгийг онцлон хэллээ. Удахгүй МАХН-ын Бага чуулганыг хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулж, мөн хуулийн хугацаанд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ” гэлээ. МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, намын дарга Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж.

Нэр дэвшигчийг тавдугаар сарын 28-ны өдөр тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар:Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, …