А.Баярцэцэг: “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.04.29/ наадамд оролцох эхний зочин Холливудын алдарт креатив директор Брайс Нельсен Монголд хүрэлцэн иржээ. Тэрбээр “Төмөр хүн 2”,“Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсераар ажилласнаас гадна энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Холливудын алдарт креатив директор Брайс Нельсен“Өнөө өглөө намайг их гэнэтийн байдлаар угтан авлаа. Надад зориулан монгол баатар, хатдын хувцастай хүмүүс угтаж авсан нь их таалагдсан. Бас цагаан идээ болох ааруул идэж үзлээ. Маш их таалагдсан. Нисэх буудлаас хотын төв рүү явж байхдаа замдаа түгжирсэн. /инээв/ Монголд зохион байгуулж буй анхдугаар фестивалийн дараа дараагийн арга хэмжээнд оролцохдоо баяртай байна.

Энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны хувьд компьютер график болон продюсерийн тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана. Холливудад 20 гаруй жил ажилласан хүнийхээ хувьд яаж багаар ажиллаж, энэ салбарт амжилт үзүүлэх вэ гэдэг талаас нь туршлагаа хуваалцах болно”гэв.


Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтуудыг зохион байгуулах аж.

Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.


“Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг:“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдрөөс эхлэн анхдугаар наадмын эхний хүндэт зочин болох энэ жилийн Оскарын наадмын “Оны шилдэг кино” шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны креатив продюсер Брайс Нельсен Монголд хүрэлцэн ирлээ. Маргаашнаас үлдсэн 15 Холливудын хүндэт зочид Монголд ирэх болно.
Наадмын хүрээнд:

-5 сарын 1-нд Корпорейт конвеншн центрт “Дэлхийд гарах боломж” сэдвээр бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

-5 сарын 2-3-ны хооронд IMAX-д тусгай уулзалт, сургалтууд зохион байгуулагдана. Энэ үеэр 16 зочид туршлагаасаа хуваалцах үнэтэй цаг байна.

-5 сарын 2-нд “Cinema award” зохион байгуулах ба Монголын шилдэг кинонуудыг шалгаруулна.

-5 сарын 1-7-ны хооронд “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн MN tower –ийн 17 давхарт байрлах MN ART галерейд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын статус бүхий энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын хамгийн анхны таван одтой франчайз зочид буудал болох “Туушин” зочид буудал бидэнтэй хамтран ажиллаж зочдыг маань байрлуулах гэж буйд талархсанаа илэрхийлье.

Best Western Premier Tuushin зочид буудлын гүйцэтгэх захирал ЖТуяа:Монголд анх удаа Холливудын алдартай хүмүүс хүрэлцэн ирж манай зочид буудалд буудаллаж байгаад баяртай байна. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжөөд 80 гаруй жил болж байна. Энэ фестивалийг зохион байгуулж байгаа нь Монголын кино урлагийг нэг шат ахиулсан түүхэн үйл явдал болж байна үзэж байна. Манай зочид буудал таван одтой Америкийн сүлжээ зочид буудал. Бид зочдоо тав тухтай байлгаж, сайхан хоол ундаар үйлчилж, бүх талаар сэтгэл хангалуун байлгах болно.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …