Брайс Нельсен:“Рома” кинонд компьютер график тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана

Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ.

Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтуудыг хийнэ.

Тэгвэл өнөөдөр /2019.04.29/ наадамд оролцох эхний зочин Холливудын алдарт креатив директор Брайс Нельсен Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр “Төмөр хүн 2”,“Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсераар ажилласнаас гадна энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.


Холливудын алдарт креатив директор Брайс Нельсентэй цөөн хором ярилцлаа.

– Монголд  хүрэлцэн ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

– Өнөө өглөө намайг их гэнэтийн байдлаар угтан авлаа. Надад зориулан монгол баатар, хатдын хувцастай хүмүүс угтаж авсан нь их таалагдсан. Бас цагаан идээ болох ааруул идэж үзлээ. Маш их таалагдсан. Нисэх буудлаас хотын төв рүү явж байхдаа замдаа түгжирсэн.Монголд зохион байгуулж буй анхдугаар фестивалийн дараа дараагийн арга хэмжээнд оролцохдоо баяртай байна.

-Таньд ааруулны амт нь таалагдсан уу?

-Миний анх төсөөлж байснаас өөр амттай байсан. Би анхнаасаа ааруулыг сүүн бүтээгдэхүүн гэж мэдэж байсан л даа .Гэхдээ чихэрлэг гоё амттай байсан.

-Монголд ирэхээсээ өмнө кино урлагийнх нь талаар судалсан уу?

– Монголд ирэхийнхээ өмнө судалгаа хийх нь хийсэн. Гэхдээ түүх соёл болон хуучны барилга байгууламж, хотуудыг судалсан. Би одоо Монголын говийн байгалийг үзэж, морь унах гэх мэт Монголын ард түмний ахуй амьдралыг илүүтэй сонирхож байна.

-Монголын уран бүтээлчидтэй хэрхэн ямар сэдвээр туршлага хуваалцах бол?

-Энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны хувьд компьютер график болон продюсерийн тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана. Холливудад 20 гаруй жил ажилласан хүнийхээ хувьд яаж багаар ажиллаж, энэ салбарт амжилт үзүүлэх вэ гэдэг талаас нь туршлагаа хуваалцах болно.

Г.Нараа 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.