Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм.

Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд “2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчим Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичэрхийлэл нийслэлийн ихэнх иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй төрийн захиргааны байгууллага, орон сууцны барилгуудын шавар нурах, хана цуурах зэрэг эвдрэл гарсны зэрэгцээ олон нийт үймж сандран, эмх замбараагүй байдал үүссэн.  Агаарын температур 3-5 хэм дулаан, салхи баруун хойноосоо 5-9 м/с хурдтай байна” гэж дурджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны төр захиргааны байгууллага, ААН, гадаад, дотоодын иргэний нийгмийн байгууллагууд ямар арга хэмжээ авах,  хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, ямар төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орох талаараа танилцуулга хийсэн юм. Мөн байгууллагууд болзошгүй гамшгийн үеэр хэдэн албан хаагч ажиллах боломжтой, ямар тоног төхөөрөмжийн нөөцтэй зэргээ тогтоон, түүнийгээ нэгтгэн сургуулийн удирдагчид танилцуулсан юм.

Танилцуулгын дараа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн дадлага сургуулийг хийсвэр зүйл бус, бодит нөхцөл байдал дээр ажиллаж байна гэж бодох хэрэгтэй. Ширээний ард суугаад төлөвлөгөө гаргаж, өөр хоорондоо холбогдсон гэж худлаа зохиож ярьж огт болохгүй. Болохгүй байгааг нь болохгүйгээр нь гарч ирж илтгэ. Бодит нөхцөл байдалд бид бэлэн үү гэдгээ одоо л үзэх гэж байна. Бие биенээ хуурсан, аргацаасан байдлаар дадлага сургуулийн цагийг үр дүнгүй өнгөрөөхгүй байхыг хүсье” хэмээн сануулав.

Дадлага сургууль байгууллагуудын төлөвлөгөө, нөөцийн дүн мэдээг нэгтгэх ажлаар үргэлжилж, цаашид юун дээр анхаарах, төлөвлөгөөгөө засч сайжруулах, хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэргээр дадлага туршлага олгох юм.

 

 

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …