С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас дайралт хийж байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан “Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргын ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар миний бие өөрөө болон бусад албаны хүмүүс долоо хоног бүр танилцуулна.

Би өмнө нь НИТХ-ын даргаар ажиллаж байсан. НИТХ бол бодлогын шийдвэр гаргаж, хяналт тавьж ажилладаг. Цаашид аль болох цаг алдалгүйгээр иргэд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдөр нийслэл замбараагүй, зах хязгааргүй байгаа нь үнэн. Тиймээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллахаар болсон. Маш олон ажил хийх шаардлага байдаг боловч зохион байгуулалт байхгүйгээс ажил эзэнгүйддэг. Мөн ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэд нь оруулж эхэлсэн.

50 га газар олгосон гэдэг гүтгэлэг

Зохион байгуулалтаар дамжуулан мэдээлэл түгээхэд буруу талаас нь харагдуулах, буруу мэдээлэл өгөх явдал их гарах боллоо. Жишээ нь, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байгаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна.

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж байгаа асуудал бол хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгосон гэсэн гүтгэлэг. Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо 2012 онд гарсан. Дараа нь Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн.

Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежмент компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байх даа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай олон асуудал байгаа юм билээ.

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрстсэн. Цаана нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь найман тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуухын тулд дээрх гүтгэлгийг тарааж байна.

Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Тэр төвд 1,000 м2 байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Би энэ ажлыг өмнө нь буцааж байсан ч сая нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдаж авсан юм билээ. Төлбөрийнх нь 70 хувь орсон байгаа. Үлдсэн төлбөрийг би өгөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл тэр барилга нь гаднаа зогсоолгүй, шаардлага хангахгүй байгаа. Энэ мэт ажил хийж байгаа хүмүүс үүнийгээ хамгаалж элдэв гүтгэлэг тарааж байна.

Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байгаа

Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэл зогсонги байна. 270 сая ам.долларын төсөл зогссон. Ингэж явсаар 270 сая ам.доллараас 3 саяыг нь үр ашиггүй зарцуулсан байна. 45 мянган үнэтэй тэмдгийг 170 мянган төгрөгөөр шахдаг, хэдэн тэрбумаар нь үрсэн компани өнөөдөр зургаан тэрбум төгрөгийг өр үүсгээд хариуцсан дарга нь ажлаа хаяж гурван сар алга болоод байна.

Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Тэр дүүргийн удирдлага эрхээ хэрэгжүүлж чадахаа байсан. Нийтдээ 360 гаруй мянган иргэдээр сүүлийн гурван сар тоглож байна. Тэр хүмүүс өөрсдийн булхайг нуухын тулд олон хоног суулт зохион байгуулж байна.
3.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан. Тэр газрыг нь очоод үзэхээр үерийн далан дээр, ямар ч шаардлага хангахгүй газар байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байх жишээтэй. Энэ асуудлыг шалгаж байгаа. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд наашаа чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна. Хотын даргын явуулын оффис ажиллуулна. Мөн иргэдээс мэдээлэл авах утас ажиллуулах болно” гэлээ.

Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын дүгнэлт гараагүй байна

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хотын дарга болсны дараа газар хэлтсийн нэрийг өөрчилж байгаа. Тамга тэмдгийг өөрчилж байгаа. Энэ нь хэрэггүй зүйлд мөнгө хөрөнгө зарцуулаад байгаа шүү. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед яагаад ийм зүйлийг хийж байгаа вэ?

-Засгийн газрын 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газраа батлуулсан бүтэц зохион байгуулалтын хүрээнд зарим нэг аж нэгжүүдийн тамга тэмдэг өөрчлөгдсөн. Шинээр байгууллага хоёр агентлагийн тамга шинээр хийгдэж байгаа.

-Төв цэвэрлэх байгууламж гарсан ослын дүгнэлт хэзээ гаргах вэ. Хариуцлагын асуудал яригдах уу?

-Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын талаар өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагуудын дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарахаар мэдээлэл хийнэ.

-Танай хоёр орлогчтой холбоотой мэдээлэл өнгөрсөн долоон хоногт гарсан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хэн хаана зураг дараад явж байгаа би хянах боломжгүй. Хүн бүр өмнөх ажлаа сайн хийх хэрэгтэй. Би асуудлыг шийдвэрлэж, ажил хийхийн төлөө явж байгаа.

-Төв цэвэрлэх байгууламж осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан. Ажлаа хийж байгаа амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нийслэлээс ямар тусламж үзүүлж байгаа вэ?

-Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэр амьдралын нөхцөл байдал хүнд, бага насны хүүхдүүд нь өнчирч үлдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын тэтгэмж, хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгохоор шийдвэрлэсэн байгаа.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ondor nastan says

    hotin dargaa demjij baina. erh medel ni baina. dairalt dairaad ongordog ur dungui zuil, buu sataar. bid sonsdog hardag. sonsoj l baina, harj l baina. sain muug zlgahtaigaa. buuu ai. buu emee.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.