Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна.

Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.

Нээлтийн дараа байгууллагууд оногдсон талбайгаа 90 минутын турш цэвэрлэх юм. Иргэд, ААН-үүд ч мөн адил 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид өнөөдрийн арга хэмжээг 90 минут гэж тодотгож байгаа нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүхий л байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалж байгаа юм. Энэ арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг болсон. Сүүлийн үед иргэдээс энэ арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хйисэн нь маш их үр дүнд хүрсэн. Энэ жил арга менежментээ өөрчилж байгаа учраас иргэд ААН-үүдийн оролцоо цаашлаад үр дүн илүү сайжрах байх гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах юм байна.

Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна. Нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж.

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …