Мадейра аралд автобус осолдсоны улмаас 29 жуулчин амиа алджээ

Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Амиа алдагсдын олонх нь Герман улсын иргэд байжээ. “Осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан бөгөөд 19 түргэний тэрэг ирсэн” гэж “SIC” суваг мэдээлсэн байна.

Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Мадейра арлыг зорьжээ. Тус улсын Ерөнхий сайд Антонио Коста гүнээ эмгэнэж буйгаа Германы Канцлер Ангела Меркельд илэрхийлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлээд байна.

Орон нутгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Дашрамд дурдахад, 2005 онд Мадейра арлын хойд эргийн Сан-Висенте хотод автобус осолдсоны улмаас Италийн таван жуулчин амиа алдаж байжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.