“Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
“Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/683 дугаар тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих журам”-ыг баталсан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл“, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Төв номын сангууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид, уншигчид хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дэлхийн номын өдөр”-ийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэнэ.

Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд 4 дүгээр сарын 23-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлж өгнө.

ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, Номын соёлт ертөнц ТББ хамтран “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”, Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …