Мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” уран сайхны кинонд тогложээ

Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээжээ.

Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм.

Киноны зураг авалт Говь-Алтай аймгийн Ээж хайрхан, Цогт суманд хийгдсэн байна. “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг тогложээ. Тэрбээр тус кинонд Бадамцэцэг бүсгүйн эгэл амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж.

Энэ талаар мисс, жүжигчин А.Баярцэцэг “Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” кино маань удахгүй нээлтээ хийнэ. Энэ бүтээлд гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүр дээр ажиллалаа. Зохиолын хувьд үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц юм билээ. Үүнээс гадна кино зураг авалтыг ээж, аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт хийсэн. Мөн уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн мундаг ахмад уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна” хэмээн ярьсан юм.

Тэрбээр 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүр, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээсэн билээ.

 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …