Г.Мөнхбаяр: “Cinema Awards”-аас шалгарсан  уран бүтээлчид Холливүүдийн зочдоос шагналаа гардан авна

“Холливүүд Монголд” кино урлагийн фестиваль ирэх тавдугаар сарын -1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Уг фестивалийн төслийн ерөнхий нарийн бичгийн дарга, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяртай ярилцлаа.


“Холливүүд Монголд” фестивальд голлон ажиллаж байна. Наадам зохион байгуулах санаачилга хэрхэн гарсан бэ?

-“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг гадаадын 14 кинонд тоглосон. Энэ шугамаараа гаднын олон уран бүтээлчтэй холбоо тогтоочихсон хүн. Монголоос тэнд өөрийн гэсэн хүрээллийг тодорхой хэмжээнд бий болгосон уран бүтээлч гэж ойлгодог.

Фестивальд оролцох гол зочин бол Шарлиз Терон, Брэд Питт, Холли Берри зэрэг Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак юм. Энэ хүний бичсэн “The Power of the actor” ном дэлхийн 12 хэл дээр орчуулагдсан байдаг. Энэ номыг Монголоор “Дүр бүтээх увдис” хэмээн орчуулж, ирэх тавдугаар сард нээлтийг нь хийхээр төлөвлөсөн.

Номыг орчуулах яриа хэлцлээс “Холливүүд Монголд” фестивалийг зохион байгуулах санаа төрсөн гэж хэлж болно.

Анх жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббактай холбогдож “Монголд таны бичсэн энэ номыг орчуулж, хэвлүүлэх саналтай байна. Учир нь энэ номын агуулга, ноу-хау нь их хэрэгтэй юм байна” гэсэн санал тавьсан.

Зөвхөн кино уран бүтээлчдэд бус хувь хүний хөгжил талаасаа хүмүүст их хэрэгтэй ном гэж үзээд орчуулах эрхийг авах гэж холбогдоход номын нээлтэд өөрөө ирэх боломжтой гэдгээ хэлсэн юм.

Үнэндээ бид тийм хүлээлттэй байгаагүй. Тиймээс энэ хүний шугамаар мундаг жүжигчидтэй холбоо тогтоож, Монголд ирэх боломжтой уран бүтээлчдийг урихаар болсон.

Ингээд Холливүүдийн маш өндөр зэрэглэлийн, Оскарын шагналтай найруулагч, зураглаач, өнгө, дуу хувиргагч гэх мэт уран бүтээлчидтэй холбогдож урьсан.

Яваандаа бид ярилцсаар энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах том арга хэмжээ болж, манай кино урлаг хөгжихөд түлхэц болох юм байна гэж үзээд маш их ач холбогдол өгч, өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.

-Фестивалийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Олон нийтэд чиглэсэн гурваас дөрвөн төрлийн үйл ажиллагаа болно. Ивана Чаббакийн номын нээлтийн үйл ажиллагаанд тэрбээр илтгэл тавина. Мөн уран бүтээлчдийн чуулга уулзалт болно. Хоёр дахь болон гурав дахь өдрүүдэд давхацсан цагаар нийт 12 төрлийн мэргэжлийн сургалтууд болно.

Энэ сургалтыг сонирхсон хэн ч оролцох боломжтой. Нэг хүн зургаан сургалтад суух боломжтой юм. Найруулагч нар найруулагчдын сургалтад, зураглаач зураглаачдын сургалтад гэх мэтчилэн хамрагдах боломжтой.

-Фестивалийн үеэр Cinema Awards шагнал гардуулах ёслол болно гэсэн?
-Манай фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр 10 жилийнхээ ойг тохиолдуулан хамтран ажиллаж байна. Монгол кино уран бүтээлчдээс шилдгийг тодруулдаг “Cinema awards” шагнал гардуулах ёслол фестивалийн хоёр дахь өдөр Шангри-Лад болно. Гаднаас ирж байгаа томоохон зочдын гараас шилдгээр шалгарсан монгол уран бүтээлчид шагнал гардан авах, хамтдаа улаан хивсээр алхах, нэг арга хэмжээнд оролцох боломж бий болж байна.

Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа учраас дөрөв дэх өдөр нь уран бүтээлчид манай Ерөнхийлөгчид бараалхана. Манай хаалтын арга хэмжээнд төр засгийн удирдлагууд оролцох байх.

Тав, зургаа дахь өдрүүдэд бид Монголынхоо нүүдэлчин соёл иргэншлийн өв уламжлал, гайхалтай сайхан байгалиа зочдодоо үзүүлж танилцуулах дотоод хөтөлбөртэй.

-“Cinema Awards”-т дан монгол кинонууд өрсөлдөнө гэсэн. Шүүлтийг хэн хийх вэ. Гаднын зочид оролцох уу?
-Кинонуудын дунд олон нийтийн санал хураалтыг явуулаад эхэлчихсэн. 50 хувь нь шүүгчид, 50 хувь нь үзэгчдийн саналыг тусгах юм. Гаднын зочид шүүлтэд оролцохгүй. Тэд зөвхөн шагнал гардуулна.

-Фестивалийн тасалбар 500 мянга болон 1 сая төгрөгийн төлбөртэй юм байна. Энэ хоёрын ялгааг хэлж өгөхгүй юу?
-1 сая төгрөгийн тасалбар авснаар фестивалийн хүрээнд болох нээлтийн болон хаалтын кино, хоёр өдрийн сургалт, улаан хивсний ёслол, хаалтын хүлээн авалт зэрэг бүх арга хэмжээнд оролцох боломжтой.

Гэхдээ хүний тоо хязгаартай. Ойролцоогоор 30-40 хүн л оролцох боломжтой. Хэрвээ оролцохоор бол эрт тасалбараа захиалж баталгаажуулж авах нь чухал. Учир нь нэг удаагийн сургалтад хамгийн ихдээ 40-50 хүн л хамрагдах боломжтой юм.

-Тэгэхээр ихэвчлэн кино уран бүтээлчид сургалтад хамрагдах нь ээ?
-Бид хүссэн хүн болгон хамрагдах боломжтой гэж нээлттэй зарласан. Манай залуучууд их нээлттэй сэтгэдэг болсон учраас дэлхийн өндөр түвшний шилдэг хүмүүс ажлаа хэрхэн төлөвлөдөг, ямар арга барилаар ажилладаг, олон улсад өрсөлдөх чадвар гэж юуг хэлж байгаа талаар тэднээс сонсох боломжтой.

-Та бүхний өмнө маш өндөр хариуцлага ирж байна. Гаднын зочид ирнэ гэдгээ баталгаажуулаад хариу ирүүлэхэд маш их баярласан байх?
-Тэгэлгүй яах вэ. Яг үнэнийг хэлэхэд ийм үйл ажиллагаа болох гэж байна гэж хүмүүст хэлэхэд ямар их цагийг нь тулгадаг юм бэ гэсэн шүүмжлэлийг хэлсэн.

-Гаднын зочид уу?
-Үгүй. Монголд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд. Бид тэр шүүмжлэлийг ойлгож байна. Гэхдээ энэ хэлэлцээр өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. Бид холбоо тогтоож, маш их хэлэлцээрүүд хийсэн. Тэр хүмүүс нэгээс хоёр жилээр ажлаа төлөвлөсөн байдаг учраас ажлын хуваарьт нь тохируулна гээд их ажил болсон л доо.

Олон нийтэд бид албан ёсоор зарлахын тулд зочид маань ирнэ гэдгээ баталгаажуулсан байх ёстой байсан. Аравдугаар сараас эхэлсэн хэлэлцээр явсаар байгаад гуравдугаар сарын 1-нд хамгийн сүүлийн зочин эцсийн байдлаар хариугаа өгсөн. Ингээд зочдын ажлын төлөвлөгөөгөөр тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд боломжтой гэж санал нэгтэйгээр хариу ирсэн учраас тэр цагийг сонгосон юм.

Бид хойшлуулъя гэж бодсон ч боломж гэдэг бол гялбаад өнгөрдөг гэрэлтэй адил маш богинохон үзэгдээд өнгөрдөг. Тэр боломжийг бид алдах ёсгүй юм байна гээд зориглоод ажилдаа орсон. Одоо салбартаа мэргэшсэн 50 гаруй залуус нэгдээд Монголдоо өндөр түвшинд хүрсэн, цаашдаа томоохон кино наадам болгох зорилготойгоор ажлаа эхлүүлээд байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …