Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг өнөөдрөөс хааж, түр замаар зорчиж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын нөхцөл байдалтай танилцжээ. Энэ үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, замын ажлыг хурдан шуурхай эхлэх үүрэг чиглэл өгсөн байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Налайх, Улаанбаатар чиглэлийн 20,9 км замыг шинэчлэх ажил эхлэж байна. Одоогийн байдлаар түр зам тавих ажлын явц 60 гаруй хувьтай байна. Эхний ээлжинд 10 км замыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хаах сайдын тушаал гарсан. Замын хөдөлгөөнд оролцох иргэддээ анхааруулж хэлэхэд түр замаар зорчихдоо тайван сандрахгүй, аюулгүй байдлаа хангаж зорчоорой гэдгийг хэлье. Мөн Нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг хүсч байна” гэв.

Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Зам тээврийн хөгжлийн яамны сайдын тушаалын дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам хучилтын компани хамтраад түр замын ажлыг хийгээд явж байна. 15-ны өдөр зам хуулах үндсэн замын ажил эхэлнэ. 16-наас эхлэн түр замаар иргэд зорчих зохион байгуулалтад орно. Нийтийн тээвэр болон хүнд оврын 3,5 тонноос дээш даацын машинууд Налайхаас Төв аймгаар тойрч явна. Зөвхөн жижиг тэргүүд түр замаар зорчино. Хөдөлгөөний зохицуулалт тэмдэг, тэмдэглэлийн дагуу 30 км цагаас доош хурдтай байх шаардлагыг тавьж байна” гэв.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар яамны зүгээс гаргасан шийдвэрийг танилцуулав.

Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болжээ.

Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Санал болгох мэдээ

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн …