Туулын эрэг дагуу зориулалтын дагуу баригдаагүй барилгуудыг нурааж, туул голоо аваръя

Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, хаа сайгүй хоосон лааз, шил, савнууд хөглөрдөг болоод удаж байна. Сайхан сэтгэлтэй, санаачлагатай хүмүүс хэчнээн цэвэрлээд ч энэ байдал бахь байдгаараа.

Тиймээс энэ бүхнийг хяналттай болгож, иргэдэд зориулагдсан таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 2000 оноос иргэдэд зориулсан эрүүл, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор туул голын эрэг дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд газар эзэмших зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг.

Гэвч үнэн чанартаа байгаль орчны яам, тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зориулалтын дагуу бус орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон нь өнөөгийн өндөр өртөгтэй, баячуудын гэх  тодотголтой хаусны хорооллууд  юм.

Жилд 168 орчим аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар Зайсан хавиар тусгай зөвшөөрөл авдаг. Харин зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бүр зориулалтын дагуу газраа ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн хянадаг тогтолцоо манайд алга.

Зөвшөөрлийн дагуу 894 объект, хамгаалалттай бүсэд 500 гаруй барилга баригдсан тоо мэдээ байна. Туулын голын бургас модыг хугалах, уул нурааж, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий газруудын жагсаалтад 1387 иргэн, аж ахуй нэгжүүд бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага мэдсээр байж эдгээр газруудад зөвшөөрөл олгожээ.

Туул голын хойд талын эргийн 50 метр хамгаалалтын бүс, 200 метрт энгийн болон онцгой хамгаалалтын бүс оршдог. Харин онцгой хамгаалалтын бүсэд одоо хэчнээн орон сууцны хороолол, хотхон оршин байгааг харсан биз. Хэрвээ сайд нь зөвшөөрөл олгоогүй бол хэн ч дур зоргоороо хөрөнгө зарлагадан орон сууц барихгүй. Зөвшөөрөл олгогдсон учраас л эдгээр орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон хэрэг. Гэхдээ лавшруулан судалбал бүгд л аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшиж байгаа. Тиймээс зориулалтын дагуу газрыг ашиглуулъя. Үгүй бол бүгдийг нь буулгаж, устсан бургас, сүйдсэн байгалийг эргүүлэн сэргээе.

Н.Алт


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …