А.Баярцэцэг:Жижиг санаа эерэг байх тусмаа цэцэг шиг дэлбээлдэг

“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү  наадмын төслийн удирдагч, “Хануй Филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. 


– “Хануй филм” Төрийн бус байгууллагаас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.Энэхүү наадмыг Монголдоо зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ. Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Лос-Анжелес хотод миний очих дуртай жижиг номын дэлгүүр байдаг байсан. Жүжигчдэд зориулсан тайз, дэлгэцийн номууд худалдаалдаг. Цаг зав гарангуутаа тэр номын сан руу очиж сонирхож буй номоо худалдаж авдаг байсан.

Нэг удаа “The Power of the actor” /Жүжигчний хүч/ Ивана Чаббак зохиолчийн номыг худалдан авч уншсанаас хойш энэ номыг Монгол хэлнээ орчуулж, үеийн найзууддаа уншуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл хоёр жилийн өмнөөс төрсөн. Тэгээд 2018 оны 11-р сард энэ номыг орчуулахын тулд зохиолч Ивана Чаббакийн веб сайт руу албан ёсны хүсэлт тавьсан. Тэгтэл төсөөлж байгаагүй хариу ирсэн.

Ивана Чаббак “Хэрвээ энэ номыг Монгол хэлнээ орчуулаад хэвлээд гаргачих юм бол би Монголд хүрэлцэн ирээд үнэгүй сургалтууд хийх хүсэлтэй байна” гэсэн санаанд оромгүй хариу ирсэн.

Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч ийм мундаг хүн санал хэлж байгаа юм бол энэ бол алдаж болохгүй боломж юм гэж бодсон.

Тэгээд нэгэнтээ Ивана Чаббак Монголд ирэх юм бол өмнө нь “Марко поло”, Стивен Сигалын “Attrition” кинонд хамтарч ажиллаж байсан найз нөхдүүдээ уриад кино конференц хийе гэдэг санаа Н.Мөнхтуяа найзтайгаа мөрөөдлөө ярилцан сууж байх үед анх төрсөн. Жижиг санаа их гэгээлэг, эерэг байх тусмаа маш олон хүмүүсийг урин дуудаж, цэцэг шиг дэлбээлдэг юм байна.

Наадмын хүрээнд Холливудын алдартай “А” зэрэглэлийн 16 уран бүтээлчид ирэх сарын 1-нд Монгол Улсад албан ёсоор хүрэлцэн ирж энэхүү наадамд оролцох гэж байгаад манай баг хамт олны хувьд маш их сэтгэл догдолж хүлээж байна.

Наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр 10 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Өргөө” кино театр оролцож байна. Хамтран зохион байгуулагчаар “Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөл”, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Green Travel” ХХК, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байна.

 

-Наадмын үеэр Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирж “Дүр бүтээх увидас” номын нээлтээ хийнэ. Тус номыг Монгол хэлний орчуулах ажлыг та гардан хариуцаж ажиллаж байгаа юу?

-“Дүр бүтээх увидас” номны орчуулгын ажилд надаас гадна маш олон хүн ажиллаж байгаа.Номын үндсэн орчуулгыг судлаач, орчуулагч М.Дэлгэр эгч маань хариуцаж хийж байгаа.Миний хувьд орчуулгын ажилд хоёрдогч байдлаар хянаж ажиллаж байна, мэргэжлийн талаас МУГЖ Л.Дэмидбаатар, зөвлөхөөр УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байна. Бид бүхэн энэ номыг аль болох мэргэжлийн өндөр түвшинд хэл зүй, мэргэжлийн талаас нь утга агуулга төгс эрхлэн гаргахыг хичээж ажиллаж байна даа.

“Дүр бүтээх увидас” ном 24 бүлэг сэдэвтэй. Хэвлэлийг Мөнхийн үсэг компани хариуцаж ажиллаж байна. Хэвлэлийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Сод Монгол” групп ажилласан. Тавдугаар сарын 1-ний өдөртэй уралдаад хэвлэлтээс гарна даа /Инээв/

-Номыг мэргэжлийн түвшинд утга санааг нь алдагдуулахгүй уншигчийн хүртээл болгоход редакторын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү номын редактороор хэн ажилласан бэ?

-Ерөнхий редактороор МУГЖ Л. Дэмидбаатар багш маань мэргэжлийн талаас нь хянаж ажиллаж байгаа.

“Холливуд Монголд” наадмын хүрээнд Холливудын 16 уран бүтээлч Монголд хүрэлцэн ирнэ. Гадаадын 16 уран бүтээлчээс гадна тус наадамд Монголын хэчнээн уран бүтээлчид оролцох вэ?

-“Холливуд Монголд” наадам бол кино наадам биш. “Улаанбаатар кино фестиваль”, “Алтан хальс” фестивалиас ялгаатай, шилдэг киног шалгаруулахгүй. Харин илүү уран бүтээлчдэд төвлөрсөн, кино бүтээхтэй холбоотой сургалтууд зохион байгуулах боловсролын фестиваль. Наадамд хүмүүсийн мэддэг Холливудын гурван жүжигчин хүрэлцэн ирнэ. “Холливуд Монголд” наадамд оролцохыг хүссэн хүн болгонд оролцох бүрэн боломжтой.

Олон улсын анхдугаар наадамд зөвхөн кино урлагийн хүрээнд гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн бус, кино сонирхогчид, контент үйлдвэрлэгч, телевизийн уран бүтээлч зэрэг хүмүүс энэхүү фестивальд оролцох боломж нээлттэй оролцоосой гэж хүсч байна. Яагаад гэвэл өмнө нь манай улсад дэлхий хэмжээний уран бүтээлчид хүрэлцэн ирж байсан. Гэхдээ тэр дундаа нэг, хоёроороо дамжин өнгөрөх байдлаар, эсвэл аялах зорилгоор ирж байсан болохоос биш, багаараа Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, өөрсдийн туршлагаас хуваалцаж дэмжье, харилцаа холбоо тогтооё гэдэг утгаар ирж байгаа нь түүхэндээ анхдагч гэж хэлж болохуйц гэж бид нар харж байна.

-“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?

-Наадмын эхний дөрвөн хоногийн арга хэмжээ Улаанбаатар хотод, сүүлийн гурван хоног орон нутагт зохион байгуулагдана. Наадмын хамгийн эхний өдөр Корпорейт Конвеншн Центрт “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлт, нэг өдрийн кино форум, Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номын нээлт зэрэг  бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Наадмын хоёр, гурав дахь Өргөө кино театрын “IMAX”-т Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч  зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд мэргэжлийн “Мастер класс”  сургалтуудыг хийнэ. Мөн Өргөө кино театраас 10 жилийнхээ хүрээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Сinema Awards”-ийг зохион байгуулна.

Наадмын дөрөв дэх өдөр кино урлагийн үзэсгэлэнг MN Tower-н 17 давхрын галерейд гаргах гэж байгаа. Энэхүү үзэсгэлэнг киноны зураач, нүүр хувирагчдын баг хамтран долоо хоногийн хугацаатай үнэ төлбөргүйгээр гаргах гэж байна. Үзэсгэлэнд Монгол гэдэг уур амьсгал үнэртсэн дүр төрхийг харуулахыг зорьж байна. Энэ үзэсгэлэнгээр дамжуулж Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид дэлхийн хэмжээний уран бүтээлд ажиллах, чадвартай хүмүүс шүү гэдгийг харуулах зорилготой.

-Та энэхүү наадмын төслийн удирдагчаар ажиллаж байна. Өмнө нь томоохон төсөл, хөтөлбөр дээр нь ажиллаж байсан уу? Энэ таны хэд дэх хариуцсан төсөл вэ?

-“Холливуд Монголд” төсөл миний удирдаад хийж байгаа анхны төсөл. Ялангуяа миний хайрладаг кино урлагийн салбартай холбоотой томоохон анхны төсөл байгаа. Өмнө нь бол “Марко поло”, “Attrition” зэрэг киноны төсөл дээр ажиллаж байсан боловч энэхүү төсөл маань продюсерийн хэмжээнд удирдаж ажиллаж байгаа анхны төсөл.

-Монголд анх удаа олон улсын уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг хэдий ч нөгөө талаараа асар их хариуцлага шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Бид бүхэн энэхүү фестивалийг зохион байгуулахдаа дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчраад зүгээр хэд хоног сургалт зохион байгуулаад өнгөрөөхийг хүсэхгүй байгаа. Бид нар маш үр өгөөжтэй, улс оронд минь хэрэгтэй наадам байгаасай хүсч байгаа. Наадмын алсын хараа гэвэл хоёр жилд нэг удаа зохион байгуулагдана.

Мэдээж сургалтад хамрагдах гэж байгаа уран бүтээлчид дэлхийн шилдэг уран бүтээлчдийн туршлагаас суралцах, дэлхийд чиглэл чиглэлээр гарах ямар боломж байна вэ гэдгийг мэдэж авна.Хоёрдугаарт гадаадын уран бүтээлчид киноныхоо зураг авалтын зарим хэсгээ Монголын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирж авдаг болгохын тулд эх орноо таниулан сурталчлах, хамтран уран бүтээл хийх зорилготой байгаа.

Энэ нь эргээд Монгол Улсын аялал жуулчлалд нөлөөлөхийн сацуу, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Ерөнхийлөгч өөрийн гарын үсэгтэй нандин урилгыг Холливудын 16 уран бүтээлчдэд албан ёсоор дипломат шуудангаар явуулж байгаа. Мөн Гадаад харилцааны яам энэхүү төсөлд маш чухал үүрэгтэйгээр оролцож байна. Төрийн өндөр дээд арга хэмжээг хэрхэн зохион байгуулах эсэх талаар наадмыг зохион байгуулагч, сайн дурын 150 ажилтанд сургалтуудыг зохион байгуулж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын Үндэсний брэндийн зөвлөл дэмжин ажиллаж байгаад маш баяртай байна. Энэхүү төслийг хэдхэн залуучууд хийгээд байгаа юм биш. Маш олон төр засгийн байгууллагуудын дэмжлэгээр бий болж байгаа төсөл учраас наадмаа алдаа эндэгдэлгүйгээр өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд 24 цагаар ажиллаж байна.

-Хоёулаа “Холливуд Монголд” төслийн яриагаа өндөрлөөд таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцаж эхэлье. Та сүүлийн үед нэлээдгүй кинонд гол болон, туслах дүрийг бүтээсэн. Таныг кино найруулагч болчихоод өөрөө найруулагчаар нь ажиллах мөрөөдөлтэй гэж сонссон юм байна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд кино урлагийн салбарт хүч үзэх болсон уу?

-Би багаасаа хоёр мэргэжилтэй болно гэж боддог байлаа. Хоёулаа мөрөөдлийн мэргэжил л дээ. Эхнийх нь сансрын нисгэгч, өнөөх нь кино найруулагч болно гэж мөрөөддөг байсан. Гэсэн ч их сургуулиа маркетингийн менежментийн мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр чиглэлээрээ нэг жил ажилласан. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл хүн болгоны сэтгэл дотор байдаг сэтгэлийнх нь урин дуудлага юм болов уу гэж боддог. Би энэ амьдралдаа юуг хийвэл хамгийн аз жаргалтай байх вэ. Юу миний амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй болгож байна вэ гээд бодоод үзэхэд кино урлагийн салбар миний мөрөөдөл байсан.

Тийм учраас 2014 онд мэргэжлээрээ ажиллахаа болиод кино жүжигчин болохоор хамгийн анх Америкийн Нэгдсэн улсыг зорьж бүх зүйлийг эхнээс нь эхлээд явсан. Одоо эргээд харахад зарим тохиолдолд аз гэж байдаг. Гэхдээ би хөдөлмөрт итгэдэг. Хөдөлмөрлөх тусам хүнд аз тохиодог юм шиг надад санагддаг. Тийм ч учраас өдөр бүр мөрөөдлийн ажлын хийж байгаа учраас “ажилдаа яаж явна аа, хэзээ ажил дуусах бол” гэсэн зовлон надад ерөөсөө байдаггүй.

-Та энэ сард нээлтээ хийсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” кинонд ээжийн дүрд тоглосон. Ээжийн дүрийг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-“Би нар” киногоо үзэхэд надад кино маань маш их таалагдсан. Гэр бүлээрээ үзэхэд маш тохиромжтой, мөн аливаа зүйлийг ухааруулсан, гэр бүлийн харилцаа, хайр гэж юу вэ гэдгийг мэдрүүлсэн. Ер нь хүнийг уйлуулаад, инээлгэсэн маш хөөрхөн хүүхдийн кино болсон байна лээ.

Миний хувьд энэ киноны богино хэсэгт тоглосон ч маш их ур чадвар шаардсан. Яагаад вэ гэвэл би эх хүн болоогүй байгаа. Ээж болж үзээгүй хэрнээ 12 настай охинтой ээж хүний сэтгэлзүйд очиж тоглоно гэдэг бол асар их ур чадвар шаардсан дүр гэж боддог.

-Та тун удахгүй нээлтээ хийх Төрийн шагналт, зохиолч Д. Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” кинонд гол дүрийн бүсгүй Бадамцэцэгийн дүрийг бүтээсэн. Дүрээрээ үзэгчдэд юуг өгүүлэхийг зорьсон бэ?

-Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” тууж маш сүнслэг зохиол. Би хүртэл киногоо яг юуны тухайг өгүүлэх кино вэ гэдгийг хэлэхээр нэг өгүүлбэрт багтааж хэлж чаддаггүй. Хүн болгон аль ч талаар нь ойлгож болохуйц “Ёстой хүний амьдрал юм даа” гэдэг шиг /инээв/. Үнэхээр Төрийн шагнал авахуйц тууж. Энэ том хүний туужаас сэдэвлэн бүтээгдсэн кинонд гол дүрийн эмэгтэй Бадамцэцэгийн дүрд тоглох хувь тохиол ногдсон нь ёстой жинхэнэ хувь заяа гэж боддог. Энэ дүрдээ маш их хайртай.

-Таныг амьтанд их хайртай. 16 жил нохой тэжээсэн гэж дууллаа. “Хөх тавилан” кинонд хүүхэдтэй хамт нохойг дэрлээд унтаж байгаа хэсэг гардаг юм шиг байна. Киноны постерийн зурагт хуудаснаас олж харлаа. Монгол банхар нохойг дэрлээд зураг авахуулахад хэр байв. Амьтанд хайртай хүний хувьд энэ хэсгийн зураг авалт амар байсан уу?

-Нохойг өөртөө дасгахад надад хэцүү байгаагүй. Нохойд маш их хайртай. Нохойг харахаар нялхраад явчихдаг. Энэ кинонд тоглохын өмнө миний 16 жил тэжээсэн нохой маань кино натурт явсан эхний өдөр өөд болоод Говь-Алтай аймгаас буцаж хотруу автобусанд сууж явж нохойгоо хөдөөлүүлээд ирсэн. Энэ киноны өмнө миний хайртай нохой минь өөд болсон учраас яагаад энэ кинонд тоглоход надад ийм хэцүү байгаа юм бэ, магадгүй би тоглох ёсгүй юм болов уу гэж бодох шиг.

Киноны зураг авалт Говь-Алтай аймгийн Ээж хайрханд зураг авалт хийгдсэн. Ээж хайрхан их сүнслэг газар, энэ газар луу маш олон хүмүүс сэтгэлээ ариусгах, зовлон шаналлаасаа салах гэж мөргөл үйлдэх гэж зорьж очдог. Тэр ариун дагшин, онгон газарт энэ зүйл тохиолдсон нь Бадамцэцэгийн дүрд тоглох суурийг минь бэлдэж өгсөн. Эргээд өөртөө тохиолдсон, зовлон, шаналал гунигийг Бадамцэцэгийн зовлон болгохын тулд яаж ашигтайгаар ажиллаж болох вэ гэдэг тал дээр ажиллахыг хичээсэн.

-“Хөх тавилан” киноны зураг авалт өнгөрсөн оны 10 сард Говь-Алтай аймагт хийгдсэн байна.  Та бүхнийг киноны зураг авалт хийж байхад цаг агаарын нөхцөл байдал ямар байв. Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт газруудтай танилцаж амжив уу?

-Говь-Алтай аймаг манай ээж, аавын төрсөн нутаг. Ээж хайрхан дээр очиход байгалийн хувьд үнэхээр гайхамшигтай. Ёстой жинхэнэ Холливудын уран бүтээлчдийг болдог бол тэнд аваачаад ийм газар байдаг гэдгийг цаг хугацаа, санхүүгийн боломж байдаг бол үзүүлэх юмсан гэж их бодсон. Хамгийн сонирхолтой нь Ээж хайрханыг өнгөрөөд гүвээ давахад зун, дахиад нэг гүвээ давахад өвлийн улиралд очсон юм шиг байсан. Тэнд бид нар 10-р сарын дундуур гэхэд нимгэн цамцтай явж байсан. Цаг агаар зураг авалтын багийнханд маш ээлтэй байсан. Бас ер нь их догшин газар гэж байгаа. Ээж хайрханы зураг авалт дуусаад Цогт сум руу хөдлөхөд цасаар шуураад өвлийн улирал руу нэг цагийн дотор оччих жишээний. Цаг агаарын хувьд эрс тэс бас их сонирхолтой, уулыг харахад их биширмээр, сүрдмээр хэвтэж байгаа эмэгтэй хүний дүрстэй адилхан сайхан нутаг байсан.

–“Хөх тавилан” кинонд хамтарч тоглосон жүжигчин С. Болд-Эрдэнэ өөрт чинь мэргэжлийн хүний зүгээс хэр зөвлөж байсан бэ?

-Хамтран тоглосон уран бүтээлчид үнэхээр гайхалтай хүмүүс байсан. Миний хүндэлж биширдэг МУГЖ Д.Гүрсэд, “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн гэргий Дулмаагийн дүрд тоглосон МУГЖ Ш.Дэлгэржаргал, MУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Шинэбаяр, найруулагч Т.Алтантуяа, В.Агар нарын хүмүүс тоглосон. Тийм учраас тэднийхээ хүчинд киноныхоо дүрийг амилуулсан гэж бодож байна.

-“Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд “Шонхор”хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрд тоглохоор болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн оны 9-р сард гарсан. Тухайн үед Тайландад очиж киноны зураг авалтад орсон уу ?

-“Амазоны дайчид” киноны зураг авалт ирэх зун хүртэл хойшилсон байгаа. Зарим тохиолдолд кино зураг авалт хойшлох үе байдаг.

-Тулаанч эмэгтэйн дүрийг бүтээхэд бэлтгэл сургуулилалт хийгдэх шаардлагатай. Тантай хамт тулалдах партнер нь Австралийн мэргэжлийн боксийн тамирчин гэж дуулсан. Бэлтгэл сургуулилтад хэзээ орох вэ?

-“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг өндөрлөсний дараа таван сард зохиогдох “Каннын кино наадам”-д “Хөх тавилан” киноны уран бүтээлчдийн хамт туршлага судалж оролцох төлөвлөгөөтэй байна. Үүний дараа бэлтгэл сургуулилтаа хийх цаг зав олдох байх.

– Та өмнө “Марко поло 2” кинонд тоглосон. Ямар завшаанаар тоглох болсон бэ. Олон улсын кинонд тоглоно гэдэг жүжигчин хүний хувьд аз завшаантай тохиол байх тийм үү?

-2014 онд Америкаас Монголд дөнгөж ирээд “Мисс Монголиа” тэмцээнд орлоо. Тухайн үед ерөнхий шүүгчээр, жүжигчин Н.Оргил ах ажиллаж байсан. Тэрбээр “Марко поло” киноны Монгол талын продюсероор ажиллаж байв. “Кинонд шалгаруулалт удахгүй болно. Чи шалгуулаад үзээрэй” гэв. Гэтэл залуу эмэгтэй хүний дүр алга учраас кастингийнх нь багт ажиллах санал тавив. Миний хувьд боломжийг ашиглан ажиллаж эхэлсэн. Надад тохирох дүр гарч ирэхгүй л байв. Гэтэл киноны багийн продюсер, найруулагч нар ирлээ. Кино зохиолч Жон Фуско намайг харчихаад “Чиний хоолой, хацрын шанааны яс, дүр төрх чинь кинонд тохироод байна. Ямар ч байсан чамд нэг дүр бодно оо” гэв. Тухайн үед итгээгүй. Тэгсэн хоёр сарын дараа хөдөө баримтат киноны зураг авалттай байхад “Марко поло”-оос холбоо бариад “Жон Фуско чамд шинэ дүр бичсэн байна. Чи шалгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа. Бүх зүйл нүд ирмэх зуургүй л өнгөрч сарын дараа Будапештыг зорьсон.

-Таньд бүтээхийг хүссэн нууцхан мөрөөдөж явдаг мөрөөдлийн дүр бий л байх л даа. Мөрөөдлийн дүр юу вэ?

-Би “Interstellar” шиг кинонд дүр бүтээхийг мөрөөддөг. Бага байхдаа сансрын нисгэгч болно гэж боддог байсан. Болж чадаагүй учраас ингээд ч болтугай хүссэнээ хийхийг хүсдэг.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Г.Нараа

 

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Зочин says

    Сайхан ярилцлага байна.

  2. Irgen says

    Mundag umaa

  3. зочин says

    А.Баярцэцэг бол өөрийгөө хувь хүний хөгжил талаасаа нэлээд боловсруулсан, нийгмийн хариуцлагаа мэдэрдэг, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, аливаа зүйлд бүтээлч ханддаг, дайчин хүүхэд. ШУТИС-ийн шилдэг оюутнуудын нэг байсан. Ээжийн нь танилын хувьд Баярцэцэгийг багаас нь мэднэ. Баярцэцэгтээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

  4. Anonymous says

    tsarai muutai ,helnii avyastai, zugeer l aztai ohin yamar yumniih n miss baihavdee.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.