А.Жавхлан: Тэнцсэн хариу авсан гурван сургуулийн нэг нь Харвард

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд удаагүй байгаа А.Жавхлан Харвардын их сургуульд тэнцжээ. Хэр баргийн аавын хүү, ээжийн охины тэнцээд байдаггүй Харвардын их сургуульд тэнцсэн гэдэгтээ Жавхаа охин эхэндээ өөрөө итгэж чадахгүй байжээ. Тийм ээ, тэр тэнцэж чадсан. Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр “Харвардад тэнцлээ” гэдэг баяртай, бахархалтай мэдээг сонсжээ. Жавхаа аравдугаар ангиасаа англи хэл сурч эхэлсэн ч өмнөө тавьсан зорилгынхоо төлөө чин сэтгэлээ дайчилж чадсанаар Харвардын их сургуульд тэнцэж чадсан байна. Ерөнхий боловсролын сургуулиас Харвардын оюутан болох замналаа эхлүүлсэн А.Жавхлантай ярилцсанаа хүргэж байна. 

-Юуны өмнө Харвардын их сургуулийн 2023 оны  шинэхэн элсэгч болсонд баяр хүргэе.

-Маш их баярлалаа.

-Жавхаа “ТОМҮЖИН” академийн GAP хөтөлбөрийн 2019 оны төгсөгч  гэсэн. Ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ. Чиний хувьд Харвардад тэнцээ гэдэг хариу хүлээн авсан тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Би “Шилдэг” бүрэн дунд сургуулийг 2018 онд төгссөн. Дараа нь, Томүжин академийн GАР хөтөлбөрийн 2019 оны төгсөгч болсон.

Гуравдугаар сарын 29-ны өглөө сургуулийн хариунууд ирэх ёстой байсан юм. IVY лигийн таван сургуульд өргөдлөө явуулсан байснаас эхний дөрвөөс нь татгалзсан хариу ирчихсэн байсан. Яг Харвардын мэйл ирсэн байхыг хараад нээх гээд сууж байхад ээж өрөөнд орж ирж таарсан юм. Шууд л “баяр хүргэе” гэдэг бичиг гарахад нь бид хоёр яг л жоохон хүүхдүүд шиг үсэрч, тэврэлдэн, баярласан сэтгэлээ барьж чадахгүй орилж эхэлсэн. Аав нөгөө өрөөнд байсан болохоор бид хоёр шууд л гүйж очин хамтдаа дахиад л орилолдсон /инээв/. Дараа нь шууд Томүжин академийн хамт олондоо дуулгасан. Эхний мэдрэмж ийм л өндөр байсан. Хэсэг хугацааны дараа өрөөндөө ганцаараа байхдаа итгэж чадахгүй, өмнөх бүх л хичээл зүтгэл минь, шантарч эргэлзэж байсан үеүүд минь нүдний минь өмнө харагдаж, өөрийн эрхгүй уйлсан. Миний болон надад тусалсан хүмүүсийн хичээл зүтгэл шүү дээ. Үнэндээ АНУ-ын сайн их сургуульд л орно гэж боддог байсан болохоос хэзээ ч Харвардад орно гэж төсөөлж байгаагүй. Нэлээд тайвширсныхаа дараа хүн мөрөөдөөд, түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл болдог юм байна гэж бат итгэсэн. Маш олон зүйлийг бодож, бас мөрөөдсөн. Гэсэн хэдий ч байн, байн мэйлээ шалгаад л яг л зүүдэлж байгаа шиг санагдаж байсан.

-Ээж, аав нь яг л чам шиг, өөрсдөө сургуульд тэнцсэн мэт баярласан байна шүү дээ. Аав ээж нь таниар маш их бахархаж байгаа байх?

 -Тэгэлгүй яах вэ. Намайг хамгийн ихээр ойлгож, хамгийн ихээр дэмждэг хүмүүс маань миний гэр бүл. Миний сурч хөдөлмөрлөх хүслийг минь хүндэлж, суралцах бүхий л боломжоор хангадаг. Аав, ээж хоёр маань надад “Миний охин хэд л бол хэдэн жил завсар жил авч болно. Мөрөөдөлдөө хүрээд, хүссэн сургуульдаа л орж байвал хамаагүй” гэж үргэлж урам өгдөг байсан. Олон цагаар номын санд суух нөхцөлийг бүрдүүлж, шантрах үед минь урмаар тэтгэж, намайг үргэлж чадна гэж зоригжуулдаг байсан. Тиймдээ ч хамтдаа өргөдлийн талаар судалж, одоо баргийн хүнээс дутахааргүй мэдлэгтэй шүү тэр хоёр минь. Ард минь бат зогсох аав ээж хоёр минь байсан болохоор би өдий зэрэгтэй явж байгаа л гэж боддог.

-Нэлээд олон сургуульд өргөдлөө явуулсан  гэлээ. Бусад сургуулиудаас нь ямар хариу авсан бэ. Ер нь яагаад заавал АНУ-ыг сонгосон бэ?

-Би 15 сургуульд өргөдлөө явуулсан. Үүнээс Yale болон Сингапурын их сургуулийн хамтарсан их сургууль, Rice их сургууль болон Харвардын их сургууль гээд гурван сургуульд тэнцсэн. Одоо Харвардын 2023 оны ангид элсэж орох гэж байгаа. АНУ-ын их сургуулиудын чанарыг нь судалсан. Мөн Англи ч юм уу, Австралийг бодоход тэтгэлэг маш сайн олддог санагдсан. Хүүхдүүдийн хэрэгцээн дээр нь тулгуурлаад 100 хувийн тэтгэлэг өгөх боломжтой болохоор сонгосон.

-Олон хүн англи хэлэндээ л сайн бол ямар ч сургуульд ордог гэж боддог байх. Гэтэл хэлнээс гадна маш олон шалгуур байдаг шүү дээ. Чиний хувьд өргөдлийн онцлог, гол шалгуур юу вэ. Юу чамайг Харвардад тэнцэхэд нөлөөлсөн гэж боддог вэ?

-Миний хувьд харьцангуй хожуу буюу 2015 оноос англи хэл сурч эхэлсэн. Өдөрт  хамгийн багадаа долоон цаг номын санд сууж, хэл сурахдаа маш их цаг зарцуулсан. Үр дүнгээ ч өгсөн гэж боддог. Өргөдөл бичих үйл явц хувь хүнийг маш их харуулдаг, маш их хэрэгтэй зүйл гэдгийг Томүжин академид сурснаасаа хойш л ойлгосон. Мөн би хэдий сургууль дээрээ хэл сурах боломж маш хомс байсан ч шантралгүй бие дааж, боломжоороо хэлээ маш сайн сурсан нь, бас дан ганц өөрөө сурчихаад болчихолгүй бусдад үнэгүй зааж, хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлэх гэж оролдсоныг минь Харвард үнэлсэн болов уу гэж таамаглаж байна. Энэ бүхнийг ойлгуулж, бүхий л сэтгэлээ зориулж намайг дэмжсэн хүмүүстээ баярлаад барахгүй юм. Тэгэхээр аливаа өргөдөл хичээлээс гадуурх ажил маш чухал байдаг.

-Арван жилд байхдаа хичээлээс гадуурх ажилд хэр оролцдог байсан бэ?

 -Анх би хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийх ёстой гэж огт боддоггүй байсан. Бараг мэддэггүй байсан гэхэд болно. Хэрэгтэй л гэж яригддаг байсан болохоос яг юу хийх ёстойгоо мэддэггүй бйасан. Тэр үед надад анх TOEFL зааж байсан М.Чимэгсайхан багш маань намайг “ECPAT” гэдэг хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллахыг санал болгосон. Тэнд би англи, монгол хэлнээс баримт бичиг орчуулдаг байсан. Мөн “Экпат”-ын харьяа Өсвөр Үеийн Хөгжлийн Төвийн эмзэг бүлгийн охидуудад үнэгүй англи хэлний хичээл заасан. Би англи хэлийг бие дааж сурсан гэхэд болно. Хоёр жилийн туршид өөрийн арга барилаа судлаад тодорхой арга барилтай болсон.

-Сайн дурын ажил хийгээд хамгийн их ойлгосон зүйл нь юу вэ?

 -Эхэндээ сайн дурын ажлыг “хийх ёстой” гэдэг үүднээс хүлээж авдаг байсан. Харин хийж эхэлснийхээ дараагаар аливаа юмыг хийж сурсан хүн, сураагүй хүний ялгааг маш сайн ойлгодог болсон байсан. Англи хэл сурчихвал ядаж л Google-с хэрэгтэй мэдээллээ амархан авч, олон боломжийг хэлнийхээ тусламжтайгаар нээж болдог. Хэл бол маш олон боломжийн хаалгыг нээдэг гэдгийг л хамгийн ихээр ойлгосон. Англи хэлийг тэр хүүхдүүдэд зааснаар тэдэнд бага зэрэг англиар ярьдаг болох, мэдээллээ өөрөө хайгаад олчихдог болох гэх мэт багахан хэрнээ боломжийн нөлөөлөл үзүүлсэн гэж боддог.

– Англи хэл зааж байх үед чинь дурсамж болон үлдэхүйц юу тохиолдож байсан бэ?

 -Би ерөнхийдөө яаж заахаа мэдэхгүй л анги руугаа бага зэргийн сандралтай ордог байсан. Эхэндээ зөвхөн англи хэрхэн бие даан суралцсанаа, ном уншихын давуу талыг хуваалцдаг байсан ч программ дуусах үед нэг охин ном барьчихсан, flash card хийчихсэн, мэдэхгүйгээ тэмдэглэсэн тэмдэглэлээ, хорин хуудас уншсан номоо харуулаад би хичээж байгаа гэдгээ надад хэлсэн. Тэр үед би энэ охин ингээд цаашид сурчих юм байна, энэ сэдлийг нь би өгч чадлаа гэх үгээр илэрхийлэмгүй гоё мэдрэмжийг надад төрүүлсэн.

-Үүнээс хойш өөр сайн дурын ажлууд хийсэн үү?

 -Дараа нь богино хугацааны “Нэг алхам” төслийг санаачилсан. Тэр төсөлд гурван ахлах сургуулийн сурагч байсан юм. Төслийнхөө хүрээнд тэдэнд англи хэл хэрхэн сурсан өөрийн түүхээ хуваалцаж, TOEFL, SAT-д хэрхэн бэлдэх тал ерөнхий мэдээллийг хоёр сары төрлийн хүмүүстэй харилцаж сурсан. Би өөрийгөө нэг их нээлттэй хүн гэж боддоггүй. Гэхдээ багшилж байхдаа аль болох нээлттэй байхыг хичээдэг. Бас багш хүн хичээл заахаас гадна хувь хүний өнцгөөс тусалдаг гэдгийг надад хичээл орж байсан Томүжингийн багш нараасаа ойлгосон. Чин сэтгэлээсээ хүүхдийг том амжилтад хүргэх юмсан, ирээдүйг нь гэрэлтэй байлгачихъя гэсэн хүсэлтэй байдаг шиг санагддаг. Тэр нь хүүхдүүдэд хичээх урам зориг өгдөг гэж би боддог.

-Томүжин академитай хэрхэн холбогдсон билээ?

– Хэлээ маш сайн сураад TOEFL-оо өгчихсөн байсан үе. Дараа нь яахаа сайн мэдэхгүй сургуулийн өргөдөл байдаг гэдгийг л мэддэг байсан болохоос ерөнхий чиглүүлэгч байгаагүй. Тэр үедээ SAT-д бэлдэх ёстойгоо мэддэг, Amazon-с нэг ном захиалаад тэрийгээ уншсан болоод байж байсан. Тэгээд Томүжин академийн SAT Master Prep гэдэг ганцхан удаа болсон гурван сарын хөтөлбөрт хамрагдсан. Гуран сарын хугацаанд SAT-г зөв хүмүүсээс, зөв арга барилаар маш сайн сурч,300 онооны өсөлт шууд л гарсан. SAT заахаас гадна Б.Батжин болон А.Сумъяабат багш нараас сургуулийн өргөдөл ямар байдаг, хэрхэн өөрийгөө эссэндээ илэрхийлэх, сайн дурын ажил яагаад чухал байдаг зэргийг маш сайн ойлгож байсан. Ингээд шалгалтуудаа өгөөд өргөдлөө явуулах болоход өөрийнхөө юу хүсдэгийг мэддэггүй, өөрийн хийсэн зүйлсээ илэрхийлж чаддаггүй, эсээ бичих гэсэн нэг ч өгүүлбэр орж ирэхгүй байсан. Тэгээд л GAP жил буюу “Завсар жил” авах ёстой юм байна, энэ хооронд өөрийгөө хөгжүүлэн ахиад нэг жилийн дараа өргөдлөө явуулж үзэхээр шийдсэн. Сургуулиа төгсөөд шууд Томүжингийн GAP хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцсан. Хөтөлбөрт хамрагдаад өмнө нь хийж байгаагүй зүйлсээ наймхан сарын дотор хийж үзсэн. Жишээ нь, UB Passport компанид дадлагаар ажиллаж, маркетингийн болон сошиал медиад хэрхэн ажиллах талаар ойлголттой болсон. Олон зүйл сурсныхаа дараа “Авдар” гэдэг төслийг багаараа хэрэгжүүлсэн. Төслийнхөө хүрээнд “Хандивын аян” зохион байгуулж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй зүйлийг нь хүргэсэн. Дараа нь SAT-г хүүхдүүдэд заан, хажуугаар нь Томүжин академийн “Self Awareness” гэдэг хичээл миний сонирхлыг маш их татсан. Энэ нь өөрийгөө танихад минь илүү тусалсан гэсэн үг. Завсар жил авч байхад миний хажууд 13 өөр газраас ирсэн, 13 өөр сонирхолтой, үнэхээр мундаг сурагчид байсан. Тийм хүүхдүүдийн хажууд байхад маш их өсөлт гарсан гэж боддог. Томүжин академийн багш нар, миний хажууд байсан GAP-ийнхан, сурагчдынхаа хүрээлэлд байснаараа өөрийгөө илүү таньж мэдсэн. Өргөдөлдөө өөрийгөө илэрхийлэхэд ч маш ихээр нөлөөлсөн гэж боддог.

-Энэ бүхнийг чи Завсар жил аваад ойлгосон байна. Тэгвэл өөрийнхөө 8,9-р ангидаа очвол юу хийх байсан бэ?

 -Миний хувьд би аравдугаар ангиасаа англи хэл сурч эхэлсэн. Харин хувийн сургуулийн хүүхдүүд ч юм уу, өргөдлийн талаар сайн мэддэг хүүхдүүд 10-р ангиасаа хийж эхэлдэг. Харин би өөрийгөө маш их оройтсон гэж боддог байсан. Би дөнгөж хэлээ сурч, сайн дурын ажлаа дөнгөж хийж эхэлж байхад тэр хүүхдүүд юу хийх дуртайгаа олчихсон, олон улсын тэмцээнд хүртэл оролцоод явж байна гээд л их боддог байсан. Цаг хугацааг буцаавал гэж маш их бодож, маш их зүйлийг туршиж үзэх байсан. Зөвхөн багшлах, зөвхөн хэл сурах гэлтгүйгээр бүжиглэх, шүлэг оролдох, зурах, янз бүрийн байгууллагад ажиллаж үзэх зэрэг аль болох их юм хийж үзэхийг хүсэх байсан. Оролдож үзээд дуртай зүйлээ олсон хойноо туурштайгаар дуустал нь хийх байсан.

-Олон зүйл оролдож үзэхийн давуу тал нь юу вэ?

-Хамгийн түрүүнд өөрийгөө таньдаг. Хоёрдугаарт хувь хүний хувьд маш их хөгжинө. Жишээ нь маркетинг, санхүү ийм байдаг юм шүү, бичих ийм байдаг шүү гэх мэт олон талын мэдлэгтэй болдог.

-Яг одооноос өргөдлөө бэлдэж эхэлье гэж бодож байгаа хүүхдүүдэд хандан юу зөвлөх вэ?

-TOEFL өгөх, эссэ зэргээр өөрийгөө тодорхой, сайн илэрхийлэхүйц хэмжээнд хэлний төвшингээ маш сайн сайжруулах хэрэгтэй. Мөн хэлний сурахын хажуугаар өөрийнхөө үнэхээр хийж үзэхийг хүссэн зүйлээ олоод түүнийгээ маш тууштай хийх, сайн болтол нь хийж сурахыг зөвлөмөөр байна.

-Хэл сурахад заавал багш шаардлагатай юу?

 Би бараг л багшгүй англи хэл сурсан гэж боддог. Интернэтээс мэдээллээ цуглуулж, аль хэдий нь амжилт гаргасан хүмүүсийн зөвлөгөөг дагаж, өөрийнхөө арга барилыг янз бүрээр туршиж үзэж байгаад л сурсан. 2015 онд буюу Плехановын сургуульд есөн жил орос хэл сурсны дараа 45-р сургуульд ороод Энхтүвшин багшийн ангид хичээлд сууж байхдаа бие даан англи хэл сурах ётсой юм байна гэдэг хүсэлтэй болсон.

-Өргөдлөө явуулахын өмнөх сарууд маш ачаалалтай байдаг шүү дээ. Ихэнхдээ ганцаараа давахад их хэцүү байдаг. Тухайн үед ер нь хэр их хэцүү байсан бэ?

-Хэрвээ GAР хөтөлбөрт яваагүй, ганцаараа өргөдлөө явуулсан бол маш их зовох байсан гэж боддог. Мэдээж эссэгээ бичээд явуулах л байсан байх. Хажууд ойлгох, тусалж дэмжих, хамтдаа бэлдэх хүмүүс байхгүй байх байсан гэж боддог. Тэгэхээр миний хажууд GAP хөтөлбөрт надтай адил санаа зовох зүйлтэй, хамтдаа бэлдэх найзууд, MASTER prep-н 60 гаруй сурагчид, багш нар маань байсан болохоор илүү дээр байсан. Багш нар маань хүртэл хамт зовоод, сэтгэлээр унах үед түшиж, ярилцан, Индра эгч, Батжин ах зөвлөж байсан болохоор хэцүү байгаагүй гэж боддог.

-Өргөдлөө бэлдэж байх үеийн дурсамж, Томүжин гэдэг гэр бүлийнхээ талаар дурдвал?

 -Бүгд л бичсэн эсээгээ уншуулах, засах гээд олон тал дээр Томүжингийн бүх л хүмүүс нойр хоолоо хасан, өдөр шөнөгүй хамтдаа ажиллаж байсан. Миний хамрагдсан GAP хөтөлбөр нь American University in Mongolia, Mongolina Education Fund гэх байгууллагуудын дэмжлэгтэйгээр хүрдэг. Нийт 14 хүүхдийг цуглуулаад хамтдаа өргөдлөө явуулж, сайхан муухай мэдрэмжийг хамтад нь мэдрүүлж, бараг өмнөх 10 хэдэн жилд гарч байгаагүй өөрчлөлтийг хувь хүнийхээ хувьд гаргасан. Энэхүү боломжийг GAP хөтөлбөрийг дэмждэг бүх хүмүүс олгосон гэж боддог. Тийм болохоор American University in Mongolia, Mongolian Education Fund байгууллагууддаа маш их талархлаа илэрхийлж байна. Мөн өргөдлөө явуулах үед болон хэл сурч байхад минь бүхий л талаар дэмждэг байсан бүх багш нар, гэр бүл шиг л дотно болцгоосон GAP хөтөлбөрийн бусад найзууд, хүсэл эрмэлзлээрээ онцгойрсон Master Prep Fall Semester 2018-ийн сурагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлагад нь амжилт хүсье.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …