Ё.Баатарбилэг: Хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална

Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ё.Баатарбилэг “Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна.

VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Үе үеийн боловсролын байгууллага, багш нарын их хурлууд дээр хэлэлцэгдэж байсан асуудлууд нь нийгэм, хөгжлийг тольдон харах боломж олгож байсныг харж болохоор байна. Энэ удаагийн хуралд бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцоно. Багш нарыг хөгжүүлэх, урамшуулах асуудалд Монголын төр засаг үргэлж анхаарлаа хандуулж ирсэн.

Энэ удаагийн хурлаар ч багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргана. Дараагийн дугаарт багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. Багш нарын цалин дээр хамгийн их яригддаг хөлс бол практик ажлын хөлс байдаг.

Гуравдугаарт, багшийн хөгжлийн асуудал яригдана. Энэ асуудал дээр манай улс нэлээд ахиц гаргасан улсуудын тоонд орж байгаа. Энэ удаагийн хурлаар их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана” гэлээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Манай улсад нийтдээ 47,000 гаруй багш ажиллаж байгаагаас 800 гаруй төлөөлөгч их хуралд оролцоно. Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь багш нар бол 30 нь удирдлагууд байгаа. Хурлын эхний өдөр нэгдсэн салбар хуралдаан болно. Хурлын үеэр аль болох олон багшаас санал санаачлага авахын тулд Багшийн хөгжлийн төв болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын байранд бичгээр санал авна. Хүний нөөцийн цөм болсон багш нарынхаа асуудлыг дорвитой шийдэх үр дүнтэй хурал болно гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байгаа” гэв.

Сурах бичгийн хүрээмжийг нэмэгдүүлнэ

Мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЕБС-д элсэн орж байгаа хүүхдээс шалгалт авахгүй байх тушаал гарсан байна. Тушаалын талаар тайлбар өгнө үү?

-Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ.

Цэцэрлэгээс дөнгөж сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс юуг нь шалгах гээд байгаа юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа.

-МУИС-ийн хичээлийн VI байрыг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр МУИС-ийн хичээлийн шинэ байр баригдах төсөл хэрэгжинэ. 10 гаруй давхар нэлээн том сургууль баригдах төсөл олон жил яригдсаны эцэст ажил болж байгаа юм билээ.

Одоогийн байдлаар манай яаман дээр 147 тэрбум төгрөгийн их засварын захиалга ирээд байна. Салбарын хэмжээнд маш эрчимтэй шинэ сургууль цэцэрлэгийн барилга барьж байгаа ч хуучин барилгууд олон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьчихсан олон барилга бий. 2020 оны төсөв дээр их засвар, тоног төхөөрөмж, багш нарын компьютер рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьчихсан олон барилга бий

Ашиглалтын шаардлага хангахгүй сургууль цэцэрлэгийн барилгуудад их засварын талаар мэдээлэл өгөөч?

-Одоогийн байдлаар манай яаман дээр 147 тэрбум төгрөгийн их засварын хүсэлт ирээд байна. Улсын хэмжээнд 1,053 цэцэрлэгийн барилга байгаагаас 150 нь 45-аас дээш жилийн насжилттай.

90 сум 9 баллын газар хөдлөлтийн бүсэд багтаж, тус бүсэд 45-аас дээш жилийн насжилттай 17 барилга байна. ЕБС-ийн 1,026 барилгын 60 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай. 1,055 спортын барилга байгууламж байгаагаас 155 нь 45-аас дээш жилийн насжилттай.

Салбарын хэмжээнд маш эрчимтэй шинэ сургууль цэцэрлэгийн барилга барьж байгаа ч хуучин барилгууд олон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьчихсан олон барилга бий. 2020 оны төсөв дээр их засвар, тоног төхөөрөмж, багш нарын компьютер рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа.

-Ашиглалтын шаардлага хангахгүй 50-60 тэрбум төгрөгийн сурах бичиг байна гээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гадны төсөл хөтөлбөр эсвэл төсвийн хөрөнгөөр бага ангийн сурах бичиг болон эмзэг бүлгийнхэнд зориулж сурах бичиг үнэгүй тараадаг. 3-4 жил ашигласан ашиглах боломжгүй сурах бичгүүд төсвийн хөрөнгөөр хийгдсэн, төрийн өмч учраас шууд устгачихаж болдоггүй.  Энэ жилээс сурах бичгийг нэмэгдүүлэх ажил дээр анхаарч ажиллана.

-Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд улсаас хувьсах зардал авдаг тал дээр шүүмжлэлтэй хандах болсон. Энэ талаар ?

-Хуулийн дагуу сургуульд хувьсах зардал олгодог. Хуулийнхаа дагуу л явж байгаа. Бидний зүгээс хуулийн хүрээнд бизнес эрхлээд явж байгаа тохиолдолд төрийн нэр бариад халдаж болохгүй. Харин хувийн сургуулиудын төлбөрийн дээд хэмжээг тогтоох боломжтой эсэх дээр судалгаа хийж байгаа. (Одоогоор хуулийн хүрээнд 5 сая хүртэл төгрөгийн төлбөртэй сургуульд хувьсах зардлыг 100 хувь, 5-10 сая бол 80 хувиар тооцож олгодог байна)

Их, дээд сургуулиудыг цөөлнө, чанаржуулах талаар салбарын сайд байр сууриа илэрхийлнэ үү?

-Одоогоор 97 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 14 нь магадлан итгэмжлэгдээгүй байна. Энэ бол хуулиа зөрчиж байгаа байдал. Яамнаас шалгалт хийсэн. Хэд хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Баатарбилэг сайдаас их шийдлийг хүлээж байгаа. амжилт

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.