Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номын нээлт болно

“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

Наадмын хүрээнд “Кино Урлагийн Нэгдсэн Форум”, Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтууд, “Монголын Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлт болно. Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.

Гаднын туршлагатай уран бүтээлчдээс сургалт авахын зэрэгцээ тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын статус бүхий энэхүү наадам нь цаашдаа хоёр жил тутамд зохион байгуулагдах алсын хараатайгаар анх удаагаа манай улсад болох гэж байна.

Танилц: “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд хүрэлцэн ирэх уран бүтээлчид


1. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак: Дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон

2. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум

3.Продюcер Тим Коддингтон : Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4.Найруулагч Дэвид Петрарка: “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Жүжигчин Rudy Youngblood: Апокалипто, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон.

6. Оскарын шагналт, өнгө хувиргагч Йохим Зелл: “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан.

7. Кастинг директор Попинг Аувеун; Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил: Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Зураглаач Ваня Сернжүл: “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм: “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин.
11. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал Лойд Кауфман: (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
12. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner) Патришиа Свинни Кауфман

13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано: Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр 10 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Өргөө” кино театр оролцож байна. Төслийн хүрээнд 5-р сарын 2-нд “Cinema Awards”-ийг зохион байгуулах бөгөөд Монголын шилдэг кинонуудыг шалгаруулна.

Хамтран зохион байгуулагчаар “Green Travel” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …