Б.Нэргүй: Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хамар хашааны хүүхдүүд байсан

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйн хамтаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Нэргүй дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан.

Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд “Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ” гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан.

Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн. Захиалагчийн мөнгийг тараасан гэх асуудлыг сонсож байгаагүй. Би төрсөн дүү Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй. ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгийн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Т.Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн” гэлээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …