Г.Баасан:Авлигатай тэмцэх газрыг шинэчлэх хэрэгтэй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Олон нийтийн зөвлөл байгуулагдаад  нэг жил гаруй өнгөрч байна. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаалтантай  холбоотой асуудлаар нэлээдгүй мэдээлэл хийдэг байсан . Харин ойрд мэдээлэл хийхгүй нам гүм байна вэ?

-Олон нийтийн зөвлөлийн ажил явагддагаар явагдаж байна. Авлигатай тэмцэх газрын үндсэн зорилго нь нийгмийн шударга ёсны төлөө. Тэр дундаа төрийн алба хашиж байгаа, түмний өмнөөс үүрэг авсан, тамга барьж эрх мэдэл авсан хүмүүс авлигад өртчих бий. Албан тушаалыг хувьдаа ашиглаж бусад давуу байдал олгож, төсвийн мөнгийг буруу зарцуулчих бий гэдгийг хянадаг байгууллага бол Авлигатай тэмцэх газар.

Тэд шударга байвал нийгэм өөрөө шударга байна. Харин тэд хуурамч байсан учраас нийгэм тэр чигтээ хямарсныг бид өнөөдөр бодит биеэрээ мэдрээд сууж байна. Бид жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд удирдлагууд яаж хууль зөрчиж, ард иргэдийг хэрхэн хохироож, төсвийг буруу зарцуулж байгааг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, Төмөр зам, Стандарт хэмнэл зүйн газар гэх зэрэг маш олон газрын асуудал тавьсан. Харамсалтай нэг ч асуудал шийдэж чадаагүй. Одоо олон нийтийн зөвлөл өөрөө буруутан болж байгаа.

Авлигатай тэмцэх газар энэ тэнгэрийн дор биднээс өөр хүн байхгүй гээд дур зоригоор авирлаж байна

-Яагаад?

-Танайд жилийн  өмнө асуудал тавьсан. Гэвч нэг ч  асуудал шийдэгдэхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Бид одоо шаардлага хүлээж авдаг болсон. Энэ нь хууль бус асуудлын  төлөө дуугарч байгаа.  Олон нийтийн зөвлөлийг буруутгах хэмжээнд хүрч байна. Авлигатай тэмцэх газар хуулийг дээд зэргээр уландаа гишгэдэг болсон. Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйл тодорхой зохицуулалттай байхад  олон нийтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрдөггүй. Авлигатай тэмцэх газар авлигыг хүлээн зөвшөөрдөг газар. Харин манай Олон нийтийн зөвлөл авлигыг байхгүй болгож, авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хариуцлага тооцохын төлөө зүтгэдэг.

Ингэж ажиллаж байгаа болохоор АТГ Олон нийтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгсэн хирнээ Иргэний нийгмийн сайн дурын байгууллага ажиллуулж цалинжуулж байгаа. Бид үүнийг нүдээрээ хараад сууж байна. Авлигатай тэмцэх газар энэ тэнгэрийн дор биднээс өөр хүн байхгүй гээд дур зоригоор авирлаж байна. Энэ байгууллагыг хянадаг газар бол Улсын их хурал. Авлигатай тэмцэх газар бол дургүй хүргэсэн  шүүгч прокурор, мөрдөн байцаагч, бизнес, улс төрчдийг шалгадаг. Бүх эрх мэдлийг өөртөө авчихсан байгууллага. Иймээс энэ байгууллагыг шинэчлэх хэрэгтэй. Эсвэл татан буулгаж, шинээр байгуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Танайд иргэдийн гомдол санал хэр ирж байна вэ?

-Иргэдийн гомдол маш их ирж байна. Гомдол гаргасан иргэдийг Авлигатай тэмцэх газар чангалж байна. Харин албан тушаалтай Авлигатай тэмцэх газар хариуцлага тооцож чадахгүй байна.

-Тэгэхээр Авлигатай тэмцэх газар олон нийтээс ирсэн гомдлыг шийдвэрлэж чадахгүй байна гэсэн үг үү?

-Яаж чадах юм вэ. Чадаж байсан бол өнөөдөр авлига зогсчихсон байна шүү дээ. Авлигын индексээрээ  амжилт авч ирж байх ёстой биз дээ. Аливаа зүйлийг үнэнчээр хийвэл дэвшиж дээшилдэг. Гэтэл ийм зүйл байхгүй байна. АТГ-ыг байгуулагдаад манайд амжилт алга. Харин ч хохирол амсаж байна. Би нэг тоо хэлье. “2007- 2014 оны хугацаанд авлига албан тушаалтны гэмт хэргээр 256 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүний 0,7 хувийг барагдуулсан. Бусдыг нь барагдуулаагүй”. Энэ бол судалгаагаар гарсан тоо шүү. Би өөрөө зохиож хэлээгүй.

-Олон нийтийн зөвлөлөөс Төмөр замын дарга Д. Жигжиднямаа, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваатай холбоотой асуудлаар нэлээдгүй мэдээлэл хийсэн. Гэвч эдгээр хүмүүс албан тушаалаа хашсан хэвээр л  байна.   Хуулийн хариуцлага яагаад хүлээхгүй байна  вэ?

-Монголын төрийг хувьдаа ашиглаж, харын хүмүүсийн мөнгөнд дулдуйдаж, Монгол улсын байгалийн баялаг, Монгол хүний эрүүл мэнд, ажиллаж хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах орчинг булаасан бүлэглэлийн хүрээнд Д.Жигжиднямаа байдаг учраас дур зоригоор авирлаж байна гэж хардаг. Манайд авлига албан тушаалд өртөөгүй, шударга бусын машинд идэгдээгүй  төрийн нэгж алга. Тухайлбал, Татвар, гааль, мэргэжлийн хяналт, стандарт хэмнэл зүйн төв, төмөр зам, эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүгд өртсөн. Улс төрийн намаас хараатай бүлэглэлийн үзэмжид Монголын төр бөмбөрүүлсэн учраас ийм байдалд хүрсэн.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль энэ сарын 27-ны өдрийн  ээлжит бус чуулганаар батлагдсан. Харин зарчим хуульчид энэ хуулийн  эсрэг байр суурьтай байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгэм хүний эрх чөлөөг дээдэлж, хууль хяналтын байгууллага тэгш эрхтэй байх ёстой. Үндсэн хуулиар олон боломжийг олгосон. Үүнийг хэрэгжүүлэх манаанд зогсох  үүргийг авсан нь хууль хяналтын байгууллага. Гэтэл хууль хяналтын байгууллага үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нийгэмд шударга гэдэг зүйл алга болчихсон. Хүмүүсийн сэтгэл дотор ч гэсэн шударга ёс гэдэг зүйл байхгүй болсон. Энэ нь хуулийн байгууллага үндсэн ажлаа хийгээгүй нотолгоо. Мөн үндсэн хууль зөрчлөө шүүх, прокурор, АТГ –ын удирдлагуудыг ҮАБЗ-өөр яриад солихгүй бол болохгүй гэдэг асуудал хуулиар орсон. Үүнийг Үндсэн хууль зөрчлөө гэж хэлэхгүй. Харин энэ үндсэн хуулийг мөрдүүлэх гэж байгаа юм.

-Таны бодлоор хууль, шүүхийн байгууллага яагаад шударга ажиллаж чадахгүй байна вэ?

-Улс төрийн нөлөөнд автсан. Хууль, шүүхийн  байгууллагын албан тушаалтнуудыг  улс төрчдөөс хараат байдлаар томилдог. Шүүх засаглал хараат байдалд  ороод бузартсан. Одоо бузар нь нүүрээр нь  яар, шарх  шиг гарч ирээд баларч байна. Үүнийг захын хүн мэдэж байгаа. Иймээс олон нийтийн дуу хоолойг сонсож  шинэчлэлийг хийх хэрэгтэй. Зөвхөн эрх барьж байгаа нам болон улс төрийн хараанд  хийвэл бид ахиад алдаа руу орно.

Хууль хяналтын байгууллага нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гажуудал савнаасаа халж ҮАБЗ-ийн хэмжээнд хүрсэн.

-Сүүлийн үед хууль,  шүүхийн байгууллагатай холбоотой асуудлууд нэлээд гарсан. Та энэ асуудлыг мэдэж л байгаа байх. Тухайлбал, гавьяат хуульч  Л. Бямбаа болон С.Зоригийн хэрэг талаар?

-Хууль хяналтын байгууллага нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас энэ гажуудал савнаасаа халж ҮАБЗ-ийн хэмжээнд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анх удаагаа уруудаж, доройтож байсан Үндсэн хуулийг аварч байна. Би хуульч  хүний хувьд тэгж харж байна. Монгол Улсын үндсэн  хууль зургаан бүлэгтэй. Энэ зургаан бүлэг тэр чигтээ зөрчигдөж байсан.

Гавьяат хуульч амиа хорлосон юм уу, амиа хорлуулсан  юм уу гэдгийг та бид хоёрын хэн ч мэдэхгүй. Өнөөдөр С.Зоригийн  хэрэгт холбогдоод ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэм тэр чигтээ хүлээж аваагүй.

Өнөөдөр хэчнээн хүн хэлмэгдэж байгааг  бид мэдэхгүй сууж байна. Хууль,  шүүхийн байгууллага ажиллаж чадахгүй байна гэж хэлэхээс өөр зүйлгүй байна.Хүний эрхийн төлөө дуугардаг Хүний эрхийн үндэсний комисс хийсэн зүйл байхгүй, хирнээ  улсаас төсөв аваад л  байж байна.

 Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллага чихэн соргог, нүд хурц, дуу хоолойн чанга байх ёстой. Гэвч тийм биш. Бүх зүйл найз нь дундаа орчихсон   учраас ийм асуудал үүсч байна гэж хардаг.

-Энэ сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийхдээ шүүхийн үйл ажиллагаа сайжирсан гэдгийг хэлж байсан. Та энэ асуудалтай санал нийлэх үү?

-Монгол улсын шүүхийн үйл ажиллагааны техник хэрэгсэл сайжирсан. Шүүх хуралд хүн бүр ороод суухгүй ч  гэсэн шүүхийн процессыг  зурагтаар гардаг  болсон. Шүүхээс гарсан бүх шийдвэр сайт хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр тавигдаг болсон нь ололттой тал юм.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Н.Алтанцэцэг

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Гэрэлмаа Мөнх Гал says

    ГОМДОЛ ГАРГАСАН ИРГЭДИЙГ АТГ ЧАНГАЛЖ БАЙНА ГЭЛЭЭ. ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГААЧЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

  2. Зочин says

    Овоо зөв ярьж байсанаа Элбэгдорж дээр очоод гацаад хамааралтай юм ярьсангүй бөөрөнхийлчихлөө.

Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.