МЭХ:Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардаж байна

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд УИХ, Засгийн газар зэрэг хууль тогтоогчдод хандан дараах таван шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үүнд:

1. УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардаж байна. Гэр бүлийн харилцааг тогтворжуулах үүрэгтэй энэ хуулийг батлуулснаар хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад нэн шаардлагатай байна.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог болохыг шаардаж байна.

Түүнчлэн хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байгаа эмэгтэйчүүд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд хандах боломжтой. Тэгснээр бид таны өмнөөс шүүхэд хандах боломжтой.

3. Бага насны охидын бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн ойр дотны хүмүүс үйлддэг учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад дарагдах тохиолдол их байна. Тиймээс хууль шүүхийн байгууллагуудад энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бүхий л шатанд шударга ёсыг тогтоож, гэмт этгээдүүдэд ял завших боломж олгохгүйгээр ажиллахыг шаардаж байна.

4. Ажлын байрны бэлгийн дарамт хэдий ил гардаггүй ч нийгэмд нийтлэг байна гэсэн статистик байдаг. 795 хүнээс онлайн судалгаа авахад ажлын байрны бэлгийн дарамтад өртөгсдийн 98 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлахыг шаардаж байна. Мөн байгууллагууд дотоод журамдаа тусгаж, урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хуульд тусгаж өргөн барьсан 7 ба 8 дугаар зүйлийг сайжруулан батлахыг шаардаж байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч гэр бүлийн орчинд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүчирхийллийг үл тэвчиж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл“Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд 2019 оныг хүчирхийллийн эсрэг жил болгон ажиллаж байна.Нийгэмд “Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл”, “өрх толгойлсон хүүхэд”, гэсэн нэр томьёо нийгэмд хэрэглэгдэх болжээ.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан ба 2006 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг. Тийм учраас энэ удаагийн хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг улс төржүүлэлгүйгээр хэлэлцэж, батлахыг шаардаж байна”гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.