Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан хэмээн тэрбээр мэдээллээ.
1.    Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах нь зүйтэй гэж үзжээ.
2.    Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эерэгээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
3.    Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолохыг дэмжжээ.
4.    Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.
Дээрх асуудлаас гадна татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төсөлд туссаныг хасч, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихдээ нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ. Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон найруулгын шинжтэй засвар өөрчлөлтийг нэмж тусгасан байна.
Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд  оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг хөнгөлөх саналыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ. Түүний дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөх гэсэн санал гаргасан байна. Дээрх саналыг нэмж тусгахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн эдгээр саналыг дэмжсэн бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.