Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлажээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-т нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүллээ.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” /ЭМСХХ-5/ төслийн үр дүнд дээрх ажил хийгдсэн байна.

УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгний  засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.

Нээлтийн үеэр  Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “УНТЭ нь Улсын хэмжээнд Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үүзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна” гэлээ.

ЭМЯ нь Азийн хөгжлийн банкны  буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5-ийг 2013 оны зургаадугаар сараас амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн нийт өртөг 38.2 сая ам.доллар бөгөөд үүний 30 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 7.7 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, 480 мянган ам доллар нь ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаас бүрдсэн байна.

Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад  барилгын засвар хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтанг оролцуулан сургалтууд зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.