Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл хаана

Нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Автозамын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга н.Доржханд болон бусад албаныхан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засварын ажлыг хийнэ. Мөн 23 байршилд 1719.3 урт метр төмөр бетон гүүр хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа” гэдгийг онцолсон юм.

 Мөн Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор АХБ-ны санхүүжилтийн хүрээнд хийнэ. Шинээр барих автозамыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Өргөтгөлт шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулна. Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй. Тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг. Дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал нэмэгдэнэ. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явна” гэсэн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгддэг байна. Оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тус замыг заварлаж, дөрвөн эгнээтэй болгох ажлын хүрээнд Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг Баянчандмань-Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16 км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлөх юм байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.