ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.Харин 2019 оны эхний хоёр сарын байдлаар тус алба гэмт хэргийн шинжтэй дөрвөн мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 93 хувийг нь шийдвэрлээд байгаа аж.

Мэдээллийн үеэр үеэр олны анхааралд байгаа талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийн талаар “Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна” гэв.

Мөн 11.734 иргэнд хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийн талаар Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонбаатар “ “Жи тайм” гэх Казахстанаас орж ирсэн сүлжээний гэмт хэрэг манай албанд шалгагдаж байна. Хэргээс үүдэн 11.734 иргэн хохироод байгаа ба эдгээр иргэд мэдүүлэг өгч, шалгагдаж байгаа. Сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор 6,9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор руу санал хүргүүлэн ажиллаж байна. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад битүүмжлэгдсэн хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдээгүй учраас холбогдох журамд өөрчлөлт оруулж байж хохирлыг барагдуулах боломж бий” гэлээ.

Мөн тус албанаас хорин жилийн өмнө үйлдэгдсэн, 49 удаа хутгалан, хүний аминд хүрсэн хэргийг илрүүлжээ. Тус хэргийг 18 настай иргэн үйлдсэн шалгалтын явцад тогтоогджээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.