Ч.Тамираа: Он гарснаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчил илрүүлсэн

Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2019.03.15/мэдээлэл хийлээ.

2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна.

Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Өнгөрсөн онд гаалийн байгууллага хэчнээн зөрчлийг илрүүлсэн вэ?

– Өнгөрсөн 2018 оны байдлаар улсын хэмжээнд санаатай болон санаандгүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2,028 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байгаа. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.

-Татвараа төлөхгүй байх тохиолдол гарах уу?

-Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй.

-Хил гаалиар ихэвчлэн ямар төрлийн зөрчил их гарч байна вэ?

-2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан. Мөн эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна.Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт БНСУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр 70 кг жинтэй хоёр хайрцаг “Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Эрсдэл тооцож гаалийн хяналт шалгалт хийхэд нэг хайрцгандаа 100 жижиг хайрцагтай Кундам /Kumdang-2/ ампултай тариа /нийт 400 хайрцаг 3,200 ампул тариа / хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан.

Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу импортлох эм, тариа илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, фото зургаар баталгаажуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн . Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байна. Ихэвчлэн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж байна. Учир нь нэвтрүүлэхийг завдсан эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний зарим нь Монгол Улсад эмийн бүртгэлд ороогүй буюу хэрэглэхийг хориглосон. Зарим нь бүртгэлд орсон боловч шинжилгээний бичиггүй лиценз, зөвшөөрөлгүйгээр оруулж байна.

-Хил гаалиар эм эмийн бүтээгдэхүүнээс гадна хар тамхитай холбоотой зөрчил нэлээд гардаг. Он гарсаар энэ төрлийн зөрчил хэд гарсан вэ?

-2019 он гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн.Тиймээс иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсч байна.

-Гааль дээр хуурагдсан хар тамхийг яадаг вэ?

-Гаалийн байгууллагын хяналт шалгалтын явцад илэрч байгаа хар тамхи мансууруулах бодисыг шинжилгээнд хамруулж ямар нэр төрлийн мансууруулах бодис. Мөн хорт чанар ямар вэ гэдгийг итгэмжлэгдсэн лабартороор шинжилгээгээр тодорхойлдог. Лабораториор тогтоосон мансууруулах бодисыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, баталгаажуулж битүүмжилж савлаад прокурорын байгууллага руу шилжүүлдэг. Харьяаллын дагуу прокурорын байгууллага тухайн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг мөрдөн шалгах, хэрэг бүртгэл хийж шүүхийн байгууллагын хянан шийдвэрлэх нотлох баримт болгож хэрэгжүүлдэг. Нотлох баримт болгоод хэрэгжүүлснээс хойш төрийн хууль хяналтын байгууллагын хяналтад дор устгах ажиллагаанд орж явдаг.

-Хар тамхийг лабораторийн шинжилгээнд оруулж байгаа гэлээ. Баталгаат лаборатори хэд байдаг вэ?

Гаалийн байгууллага өөртөө УБ хот ажиллаж байгаа мэргэшсэн гаалийн төв лаборатори ажиллаж байгаа. Мөн хилийн боомтуудаас Баян-Өлгий аймгийн гаалийн газар, Сэлэнгэ аймгийн гаалийн газар, Замын –Үдийн гаалийн газар, Дорнод аймгийн гаалийн газар дээр мэргэжсэн лаборатори салбар лаборатори ажиллаж байгаа. Одоо үлдэж байгаа 14 том боомт дээр салбар лаборатори байгуулах ажил энэ онд хийгдэнэ.

-Хэдэн төрлийн шинжилгээ хийдэг вэ?

-Ерөнхийдөө улсын хилээр нэвтэрч байгаа бараатай холбоотой бүх төрлийн шинжилгээг гаалийн байгууллага хийх хэрэгцээ шаардлага гарч байгаа. Хар тамхи мансууруулах бодис, химийн бодис, согтууруулах ундаа тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн гэх мэт. Нарийвчилсан техник хэрэгсэл дээр шаардлагатай лабораторийн шинжилгээг хийхэд бусад мэргэжлийн лаборатори шинжилгээ шаардлагатай байдаг. Тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналтын хяналтын газрын лабораторитой хамтарч ажилладаг.

-Гаалийн байгууллагын хар тамхи шалгах тоног төхөөрөмж ямар төвшинд байна вэ?

-Манай гаалийн байгууллага дэлхийн гаалийн байгууллагын гаргасан модулийн дагуу боловсон хүчнээ бэлтгэж сургаж байгаа. Мөн гаалийн байгууллагад хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг зайлшгүй нэмж сайжруулах шаардлагатай байна. Энэ онд улсын төсвөөс гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр тодорхой хэмжээний төсвийг баталж өгсөн.Иймээс Монгол улсын хилийг тойроод ажиллаж байгаа 18 гаалийн газарт мэргэжсэн лаборатори байгуулахаар болсон. Мөн шуурхай хяналт удирдлагын төвийг байгуулна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.