Налайх дүүрэгт хог хаягдлыг ангилан ялгах анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо

Налайх дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хоггүй Налайх” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Тус аяны хүрээнд Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийг сурталчилах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг ялгах анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар оролцож, оролцогчдод хандаж үг хэллээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Дүүргийн маань хөгжил цэцэглэлт, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчин иргэн бүрийн үүрэг хариуцлага, соёлч байдлаас эхэлнэ.
Гэхдээ хоггүй цэвэр цэмцгэр Налайх болох ажил зөвхөн төр захиргааны байгууллага, ТҮК-ийн ажил биш. Энэ бол иргэн бүрийн хүлээх үүрэг хариуцлагын нэг байх ёстой. Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд маань, оршин суугчид маань ухамсраараа гараад орчны 50 метр газрын цэвэрлэгээг хийж хэвшдэг байх ёстой.
Хогоо ил задгай биш зориулалтын хогийн саванд хийж хэвшдэг, хог хаясан нэгэндээ зөв шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй.
Одоо бид хогоо зүгээр ч нэг хогийн саванд хийх биш ангилан ялгаж хаядаг жишигт суралцах хэрэгтэй болж байна. Өнөөдрийн энэ сургалтын агуулга, зорилго ч үүнд оршиж байгаа юм” гэв. 


Сургалтаар хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй газруудын жишиг загвар танилцуулга болон ангилан ялгах зааварчилгаа, мэдээлэл хүргэлээ. Мөн дүүргийн 6 дугаар хороонд хэрэгжиж байгаа хог хаягдлыг ангилан ялгах төслийн талаар танилцуулсан юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.