Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ

2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ.

Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард  Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад “Pipistrel Virus SW-121” хөлгийг угсрах, нисэхийн сургалтын байгууллага байгуулах төслийн саналтай танилцаж, харилцан санал солилцжээ.

Энэ үеэр Словени Улсын Иргэний нисэхийн агентлагийн дарга ноён Рок Маролт Словени, Монгол хоёр улс цаашид иргэний нисэхийн салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. “Pipistrel Virus SW-121” агаарын хөлгийн хувьд дэлхий дээр 1,300 гаруй ширхэг худалдаалагдсан бөгөөд хэт хөнгөн агаарын хөлгийн төрөлдөө дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг ажээ.

Дээрх уулзалтын үеэр “Пипистрел” компанийн зүгээс МИАТ ТӨХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах саналаа илэрхийлсэн байна.

Монгол Улсад орчин үеийн бага оврын агаарын хөлгийг угсрах саналыг хүлээн авснаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсны дараагаар “Буянт-Ухаа” дахь нисэх буудалд  бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэлийг эхлүүлэх, “Нисэхийн аж үйлдвэр”-ийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийг олон шатаар ахиулж, дотоодын хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх, дотооддоо нисгэгч бэлтгэх сургалт явуулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой талаар ИНЕГ мэдээллээ. Энэ  асуудлыг эцсийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яам Засгийн газарт танилцуулж шийдвэрт хүрэх ёстой аж.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …