Б.Буянаа: 30 жил ажиллахдаа 7000 гаруй нярайг эх барьжээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн эх баригч Б.Буянаатай ярилцлаа.

–Юуны өмнө таньд Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа танай сайтын хамт олон болон Монголынхоо бүх ээжүүдээ, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрх тасгийн эмч нар, ажиллагсдадаа Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

– Эмэгтэй хүн ээж болох энэ хамгийн сайхан.Та яагаад эх баригч мэргэжлийг сонгов. Танай гэр бүлд эмнэлгийн салбарын хүн байсан уу?

-Манай гэр бүлд эмнэлгийн салбарын хүмүүс байгаагүй. Би дунд сургуулиа төгсөөд Анагаахын дунд сургуульд орж, эх баригч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр цагаасаа хойш энэ мэргэжлээрээ бахархан, ажиллаж байна.

–Ажлын гараагаа хаанаас, аль эмнэлгээс эхэлж байсан бэ. Анхны эх барьж байсан үеэ дурсахгүй юу?

-1989 Анагаахын дунд сургуулиа төгсөөд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд ажиллаж эхэлсэн. Эндээ л 30 жил тасралтгүй ажилласан байна. Анх эх барьж байхдаа маш их сандарч байсан. Тэгээд л шинэ хүүхдүүдээ өлгийдөж авчихаад их баярласан даа.

-30 жил гэдэг бол урт хугацаа шүү. Энэ хугацаанд та хэдэн хүүхэд эх барьж авсан бэ?

-30 жил ажиллах хугацаандаа барагцаалбал 7000 гаруй нярайг эх барьж авсан байдаг. 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн. З сая дахь иргэнтэй нас чацуутныг эх барьж авч Эрүүл мэндийн яамнаас батламж гардаж байлаа. Гурван сая иргэнтэй нас чацуутны түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулсан батламж гардаж авсан энэ явдалд маш их баярлаж, мэргэжлээрээ бахархдаг даа.

– Эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сайхан. Гэвч хүндрэл бэрхшээл тулгардаг л байх. Эх баригч хүний жаргал зовлонгоос хуваалцаач?

-Эх баригч эмчийн үйл хөдлөл бүр асар өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Эх баригч мэргэжлийг сонгосондоо өөрөөрөө бахархаж явдаг. Шинэ хүүхдүүдээ өлгийдөж авчихаад урт амьсгаа авч шинэ ээжүүдийг харж суух үнэхээр сайхан байдаг.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяр баяраар ажилтай байж таарсан удаа хэр олон байна вэ?

– 30 жил ажиллалаа шүү дээ. Энэ хугацаанд баярын өдрүүдэд ажиллах тохиолдол олон бий. Өдрийн болоод шөнийн ээлжтэй байсан үеүүд ч бий. Гэхдээ баярын өдөр гээд хариуцлагаа сулруулж болохгүй. Эх барих гэдэг чинь өндөр хариуцлагатай байхыг шаарддаг мэргэжил шүү дээ.

–Эх баригч эмчийн хамгийн бахархмаар зүйл нь юу бол?

-Дээр хэлсэн дээ эх барьж эмч гэдэг маш хариуцлагатай ажил. Эх хүүхэд хоёрын амь насыг хариуцдаг мэргэжил шүү дээ. Тиймээс ямар нэгэн хүндрэл, эндэлгүйгээр эхийг амаржуулж, хүүхдийг эх барих нь л миний мэргэжлийн хамгийн бахархах зүйл юм даа.

-Нярайн эндэгдлийн тухай айдас хүрэм мэдээллийг статистикийн хорооноос мэдээлэх нь бий. Нярай эндэхээс хэрхэн сэргийлэх вэ.

 Хамгийн гол нь жирэмсэн болсон л бол хяналтандаа орж, тогтмол эмчийн хяналтад байх хэрэгтэй. Хяналтанд орсноор жирэмсэн эхийн шинжилгээгээр хавсарсан эмгэгтэй эсэх гараад ирдэг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрнө. Хяналтанд орсон тохиолдолд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг хянуулахаас гадна, эхчүүд ч өөрийн эрүүл мэндээ давхар хянуулах юм. Ингэснээр төрөх үед үүсэх зарим хүндрэлүүд багасдаг.

-Баярлалаа. Таны ажлыг хийлгэе дээ. Танд болон бүх эх баригч эмч нартаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …