Ч.Дэлгэрцэцэг: Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүрийг бүтээлээ

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэнд кинонд өөрийн гоо үзэсгэлэнг зоримог шийдлээр мөнхлөн үлдээсэн байна. Өнөөдөр “2000” түүхэн киноны уран бүтээлчид Монголын Үндэсний музейд киноныхоо талаарх ерөнхий мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэр хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

– Анх “2000” түүхэн кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Түүхэн кинонд тоглох санал анх ирэхэд тийм зоригтой хүлээж аваагүй.

-Яагаад?

-Миний тоглосон дүр олон хувирдаг хүнд дүр байсан.Хүмүүс камерын өмнө уйлах хэцүү гэж ярьдаг. Тэр үнэндээ яг юу ч биш юм билээ. Хамгийн хэцүү нь монологийн хэсэг байсан. Монолог уйлах, инээхээс илүүтэй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг гаргадаг. Тийм хүнд дүрийг бүтээхэд найруулагч их чухал үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдсан. Найруулагч хүний нүдийг хүртэл удирддаг хүн байсан.

-Та бүтээсэн дүрийнхээ талаар танилцуулаач?

– Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүрийг бүтээлээ. Монгол хатны хатан ухааныг гаргахыг ихэд хичээлээ. Харин дүрээ хэрхэн бүтээснийг үзэгч олон минь дүгнэх байх.

-Монгол хатдын хатан ухааны тухай түүх домгууд олон байдаг. Та дүрээ бүтээхдээ хэр судалгаа хийсэн бэ. Хүндрэл бэрхшээл байв уу?

– Киноны натурт гараад монгол гэрт 10-аад хоновол яалтчгүй дүрдээ ордог юм байна лээ. Найруулагч намайг дүрдээ оруулахын тулд монгол гэрт байлгаад л байсан. Сүүлдээ бүр гэрийн хаяанд дүүрэн түлээтэй байвал баярладаг болчихсон байсан. Тэрнээс өөр юу ч хэрэггүй юм шиг сэтгэлзүйн түвшинд очиж байж кинонд тоглосон доо. Судалгаа их хийж, дүрээ л сайн гаргахыг хичээж ажиллалаа.

-Таньтай хамт тоглосон жүжигчдээс мэргэжлийн зүгээс хэр зөвлөгөө өгч байв?

-Кинонд хамт дүр бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ нарын жүжигчид кинонд тоглож байсан туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгч байсан. Анх удаа кинонд тоглоод камерны ард болдог бүхий л хүнд хэцүү зүйлийг мэдэрлээ шүү дээ. /инээв/

Гэхдээ мундаг хамт олны хүчээр киноныхоо ард гарчихаад л нээлтээ хийх гээд явж байна.

-Дэлгэцийн анхны бүтээл нь түүхэн киноны хатны дүр байлаа. Цаашид кино уран бүтээл дүр бүтээх хүсэл байна уу. Киноны санал ирэв үү?

-Кино урлаг хамгийн гайхамшигтай гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Азтай гэх үү. Анхны дэлгэцийн уран бүтээл минь Монгол хатны дүр байлаа. Надад таалагдах дүрийн санал ирвэл татгалзахгүй хүлээн авна. Цаашид ч энэ эрчээрээ кинонд тоглох дүр бүтээх сонирхолтой байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус …