Арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээллийн эхэнд танилцууллаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл 2017 онд гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Цахим бодлогын түр хороо байгуулагдсан даруйдаа дээрх мэдээллийн талаар холбогдох газруудаас лавласан байна. Тагнуулын ерөнхий газраас уг лавлагааны хариуг ирүүлээгүй бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тайлан ирүүлжээ. Тус тайланд Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлах, “Kaspersky Lab” компанийн Зүүн Ази болон Монгол Улсыг хариуцсан захирлаас 2017 оны 03 дугаар сард Монгол Улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртсөн талаарх мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ирүүлсэн талаар дурджээ.

Энэ талаарх мэдээллийг “Kaspersky Lab” компаниас авахад тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлага үүссэн ба санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг манай талаас хүргүүлсэн аж. Үүнээс гурван сарын дараа securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтууд “Монголын төрийн мэдээллийн систем халдлагад өртжээ” гэдэг мэдээллийг олон улсад түгээсэн байна. 2014 оны цахим аюулгүй байдлын индекст Монгол Улс 14 дүгээрт бичигдэж байсан бол дээрх мэдээлэл цацагдсан даруйд 103 дугаарт бичигдэх болсон байна. Энэ мэдээлэл нь гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гээд эдийн засаг, санхүүгийн болон бусад салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем хэрэгжилтийг зогсоох шаардлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын даргад Цахим бодлогын түр хорооноос хүргүүлнэ.

Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд төрийн 27 байгууллагын мэдээлэл, 3.2 сая иргэний хувийн мэдээллийг нэгтгэн, төрийн бүх байгууллага хурууны хээ уншигч төхөөрөмжөөр дамжуулан иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөсөн хэдий ч татварын байгууллагаас бусад байгууллага энэ төхөөрөмжийг нэвтрүүлээгүй. Гэтэл арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, иргэний бүх мэдээллийг нээлттэй ашиглах нөхцөл бүрдсэн. Нөгөөтээгүүр хувь хүний дахин давтагдахгүй биеийн өгөгдлийг иймэрхүү байдлаар хаа хамаагүй бүртгүүлэн, мэдээллийн сан үүсгэх нь өндөр эрсдэл дагуулдаг.

Төрийн мэдээллийн сайтууд, төрийн цахим хаяг, цахим шуудан халдлагад өртсөн эсэх асуудал нь тодорхой албан тушаалтнуудын хариуцлагын асуудал мэтээр хандаж болохгүй хэмээн тэрбээр онцлоод “Цахим бодлогын түр хороо үүнд онцгой анхаарал хандуулж, чухал ач холбогдолтой хэмээн үзэж ажиллах болно” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …