“Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал  гэлээ.

Цаашид Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай гэв.

Сүүлийн үед 1072 хувьцааны ногдол ашиг олгох нь зөв, буруу гэсэн байр сууриа иргэд ихээр илэрхийлэх болсон. Засгийн газар  үүнийг мөн судалж хамгийн оновчтой, зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна гэлээ.

Зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэлээ хэлэлцүүлж эхэллээ.

Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хуваалцах юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурав .

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Zochin says

    Nogdol ahshig taraah hereggyi hyrimtlal bii bolgo gedgiig naad zahiin hyn haryilah baih teneg yum uu ,yahiin 20 tugrug yund heregtei gej

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.