Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

 Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн талаар дурдлаа. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

     Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.