Д.Чойжамц: Энэ жил ахмадуудад ээлтэй жил болно 

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнөөдөр /2019.01.31/ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц“Монгол түмний  хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна.XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай, өв соёлтой, тусгаар тогтносон Азийн цээжинд ийм сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм.

Энэ жилийн зурхайн зурлагад шим  ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь ээ. Харин залууст дунд буюу сайн тал руугаа, нялхаст тааруухан гэж гарч байгаа. Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байна. Хуучин монгол хэлэнд нялхас гэдгийг нялх нярай хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар бодлогогүй, өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг бодлогогүй хүнийг нялхас гэдэг. Тиймээс XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд аливаад өөрийн бодолтой хандаж, зөв бурууг ялгаж салган шинжилж амьдрах нь зүйтэй. 

Цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндрөөс болгоомжил гэсэн байгаа. Тиймээс малчин, тариаланч ард иргэд анхаарч байх нь зүйтэй. Харин Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тэр л тал руугаа юм. Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эвлэрч зохицож, найрсаж үнэн зөвөө олж байх хэрэгтэй. Манай нийгэмд ёсзүй гэгч гарцаагүй хэрэгтэй байна. Ёс зүйг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшлахгүй гэдэг нь ил болжээ” хэмээн  айлдлаа.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …