Б.Баатархүү:Цагаан сар бол эв нэгдлийн баяр

Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа.

-Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагаан сарын баярын тухай ярихын тулд эхлээд хэзээ үүссэн, ямар учиртай баяр вэ гэдгийг дурьдах хэрэгтэй байх л даа. Цагаан сар бол маш эртний баяр юм. Судлаачид Хүннү, Сүннүгийн үеэс үүсэлтэй баяр гэж тайлбарладаг. Энэ баярыг сүүн сар, хувь сар гэж нэрлэдэг байсан. Зарим нутагт “хувилгаан сар” гэж нэрлэж байсан гэх мэдээлэл байна. Харин одоо бүх нийтээрээ цагаан сар гэж нэрлэн баярлаж байна.

13-р зуунаас өмнө бол цагаан сарыг хувь сар гэж нэрлэдэг байсан. Мөн намрын улиралд тэмдэглэдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл намрын улирал бол идээ цагаа элбэг дэлбэг тийм үе л дээ. Эрт үед ан гөрөө хийдэг хийсэн ангийн махаараа тахилга хийж тэндээсээ өөрсдийн овог аймгийн гишүүддээ хувь тараадаг байсан байна. Тиймээс л хувь сар гэж нэрлэх болсон. Одоо ч гэсэн хөдөө айлууд өвлийн идшээ хийгээд хувь мах, гэр мах гээд айлууддаа тараадаг. Энэ нь хувь сарын баяраас уламжлагдан үлдсэн өв соёл юм.

Айлд ороход ахмад настнууд “бүтүүлэг ид”, “цагаалга амс” гэдэг. Бүтүүлэг маань өөрөө хувь сарын баярын бэлэгдэл буюу махан идээ. Харин цагаан сар бол ерөөсөө төрийн баяр юм.

Цагаан сарыг төрийн хэмжээнд тэмдэглэж эхэлсэн үе бол 1206 оны бар жилийн бар сард Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад намар тэмдэглэдэг байсан цагаан сарын баярыг хавар тэмдэглэдэг болсон.

Цагаан сарын баяр бол цогц баяр юм. Жишээ нь: Төрийн баяр, өвлийг өнөтэй давсны баяр, нас нэмсний баяр, нэг ураг төрлийнхөн, ах дүүсийн баяр юм.

– Хувь сараар ирсэн ах дүү, төрөл төрөгсдөдөө хувь мах тараадаг байсан гэлээ. Тэгвэл цагаан сараар ирсэн зочиндоо бэлэг өгдөг энэ уламжлал нь хувь тараадагтай холбоотой юу. Ер нь бэлэг өгөх нь зөв үү?

-Хуучин уламжлалаар бол цагаан сараар бэлэг гэхээсээ илүү хувь өгдөг байсан. Энэ нь малчид өвлийн идшээ гаргаад хувь мах тараадаг байсантай адил. Түүнээс гадна хүүхдийн гарыг хоосон гаргаж болохгүй гэсэн уламжлал бий. Харин өнөө цагт ирсэн бүх зочдод бэлэг өгөхийг чухалчилдаг болж. Бэлэг өгөх нь сайн, муу гэж хэлэх нь зохимжгүй. Гагцхүү зөв бэлгээ л сонгох ёстой.

-Баярын ширээнд шүүс/ууц/ тавьдаггүй байсан гэж сонссон. Хэзээнээс баярын ширээнд шүүс тавьдаг болсон бэ?

-Цагаан сарын бүтүүний ёс нь өөрөө махан идээний ёс юм. Хуучин уламжлалаар айл бүр ууц тавьж тавьдаггүй байлаа. Ер нь бол мах тавьдаг байсан. Гэхдээ тавихдаа сүүлгүй жижиг ууц тавьдаг байсан. Харин хангай газрын ой тайгийн хүмүүс ангын мах, зарим нутагт өвчүү, далд дөрвөн өндөр буюу хүндэт идээгээ тавьдаг байсан. Одоо цагт айл бүр л нийтээрээ ууц тавих ёстой юм шиг ойлголттой болж. Өндөр Гэгээн Занабазарын үеэс ууц тавих ёс дэлгэрсэн гэдэг. Гэхдээ л айл бүр ууц тавиад байдаггүй байжээ.

Баярын үеэр бүтэн хониор өргөл өргөдөг байсныг болиулж, ууцаар нь бүтэн хонийг төлөөлүүлдэг болсон. Өндөр Гэгээн Занабазар таалал төгсөхийн өмнө шавь нартаа хандаж “миний өмнө хонины ууц тавиад таллаж байгаагаар зураарай. Монгол хүн өлсөх учиргүй. Амны хишигтэй байх ёстой” гэж хэлж байжээ. Үүнээс хойш хонины ууц нь бүтэн хонийг, мөн Монгол түмнийг амны хишигтэй байхыг бэлгэддэг болсон.

-Тэгэхээр ууц тавих нь буруу биш гэж ойлголоо. Гэхдээ ахмад гэлтгүй залуучууд ч гэртээ ууц тавиад л сүртэй баярладаг болсон байна. Энэ зөв үү?

-Өрх тусгаарласан айл болгон цагаан сарын баярыг тэмдэглэж, шинэ сараа гаргах ёстой. Тийм учраас залуу гэр бүл гурван үе идээ засдаг гэж ахмадууд зөвлөдөг. Түүнээс дээш тав, долоо, ес, төрийн дээд хүмүүс арван гурав үе засдаг. Харин махны хувьд залуу гэр бүл далд дөрвөн өндөр тавьж болно заавал ууц тавих шаардлага байхгүй.

-Цагаан сарыг цагаан идээний баяр гэж та тайлбарласан. Ер нь баярын ширээгээ цагаан идээгээр засдаг уламжлалтай байсан биз. Одоо айл бүр л хэвийн боов тавьдаг болж. Тэгвэл энэ хэдийнээс эхэлсэн уламжлал вэ?

-Нутаг нутгийн өвөрмөц онцлог байна. Жишээ нь боржгон халх, боржгон хэвийн боов тавих, баруун Монголд гүрмэл боов тавих жишээтэй. Хуучин бол тавгийн идээндээ цагаан идээ тавьдаг байсан. 20 дугаар зууны дунд үеэс гурил гэдэг бүтээгдэхүүн гарч ирснээс хойш л хэвийн боовыг цагаан сарын тавгийн идээндээ тавьж, хүндэтгэн хэрэглэх болсон.

–Шинийн нэгний өглөө мөр гаргана гэдэг бас л маргаантай асуудал болчихоод байна. Залуус бүгд л хийморийн овоо өөд мацаж, нар харахыг хүсдэг боллоо. Шинэ сарын нар мандаж байгааг харахад ямар ач холбогдолтой вэ?

-Түүхийн сурвалжид Хүннү гүрний хаан Модун Шаньюу өглөө наранд мөргөдөг байсан гэж дурдсан байдаг. Ер нь шинийн нэгний өглөө нар хардаг байсан уу гэвэл хардаг байсан. Шинийн нэгний өглөө сүлдэндээ мөргөж, алтан наранд сайн сайхнаа даатгадаг байлаа.

Өрх гэрийн тэргүүн, эрчүүд гэрийнхээ хоймор зүгт сүлд хийморийн овоог босгож, түүндээ залбирч, тэндээсээ шинийн нэгний өглөөний нарыг харж, идээнийхээ дээжийг өргөж, буян заяагаа даатгадаг. Ийм ёс үйлдсэнээр муу зүйл байхгүй.

– Ер нь таны бодлоор Монголчууд цагаан сарын баярыг ёс жаягийн дагуу тэмдэглэж чадаж байна уу. Ингэж тэмдэглэх ёстой гэсэн ёс жаяг байдаг уу?

-Хөдөө малаа маллаж байгаа малчин ард цагаан сарынхаа баярыг ёс жаягийнх нь дагуу тэмдэглэж байна. Харин хот суурин газарт цагаан сарын ёс жаяг алдагдсан. Цагаан сар гэдэг бол нүүдэлчдийн баяр. Бидний суурьшмал амьдралын онцлогоос хамааран ёс төдийхөн тэмдэглэж байна. Цагийн эрхээр ёс жаяг алдагдаж байгаа юм. Жишээ нь, Цагаан сарын баяраар алаг мэлхий өрөх тоглоом тоглох ёс алдагдаж байна. Мөн Лхам бурхан айл бүрт ирнэ гэж гэрийнхээ тотгон дээр мөс тавьдаг байсан энэ ёс төв суурин газар алдагдаж байгаа юм.

Цагаан сарын хамгийн гол утга учир нь Монгол Улс байгуулагдсаны баяр, нөгөө талаасаа цагаан сар бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Тэгэхээр нүүдэлчдийн баярыг ёс уламжлалынх нь дагуу л тэмдэглэдэг баймаар байна.

– Ярилцсанд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …