20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зарим зүйлсийг НДЕГ, иргэнээс тодруулснаа хүргэж байна.

20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой

НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэвэр тогтоолгох хугацаанд орсон өөрчлөлтийн талаар тодрууллаа.

– Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээлбэл, 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.

– Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж сонссон. Энэ үнэн үү?

– Тийм. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.

-Тэгвэл өнгөрсөн жил хэчнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ?

– Өнгөрсөн онд 29,043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон байна. Үүнээс 3,217 хүний тэтгэврийн нас хойшилжээ. Харин үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг.

Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуулиндаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байна гэж хэлж болно.

ЧД-ийн 18-р хорооны иргэн Ц.Дуламсүрэн“Би 2018 оны 12 дугаар сарын 24-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч эхэлсэн. Улсад нийтдээ 38 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. Тэтгэвэр тогтоолгохоор очихдоо 55 наснаас хэдэн сараар хойшлох юм байна гэсэн ойлголттой очсон.

Харин “Шимтгэл төлж ажилласан хугацаа хангалттай болохоор тэтгэвэр тогтоох нас хойшлохгүй” гэж нийгмийн даатгалын ажилтан тайлбарлаж байсан. Тэтгэврийн нас хойшилсон нь надад л лав нөлөөлөөгүй.

 

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …