УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.01.17/ нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан хэлэлцэж батлахыг Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Энэ үндсэн дээр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авав. Дараа нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр”Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа. Ардчилсан улс гэдгээ, хууль эрх зүйт төртэй улс гэдгээ дэлхий даяар зарласан улс шүү дээ.

Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж байна. Энэ бол буруу. Энэ бол улс орны цаашдын хувь заяатай холбоотой, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой, ерөөсөө Монгол Улс дэлхийн тавцан дээр яаж харагдах уу, яаж үнэлэгдэх үү гэдэгтэй шууд холбогдох асуудал шүү.

Төрийн өндөр алба хашиж байгаа Улсын Их Хурлын гишүүн, хууль тогтоох дээд байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс хүртэл хууль хэрэггүй гэж ярьдаг байдлаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалтын дагуу л явах ёстой. Ёс зүйтэй байя гэвэл бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой шүү. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 18:00 цагт хуралдах товтой байгаа юм.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …