Г.Чимид-Очир: Ахмад уулчдын маань олон жилийн хүсэл мөрөөдөл биелэлээ оллоо

IMG595

/Зурагт: Баруун гар талаас  ОУХМ Д.Батжаргал, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал Г.Чимид-Очир/

Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын уулын спортыг баг тамирчид  Европын өндөр оргилуудын нэг Альпийн нурууны ноён оргил Монт-Бланкт /4810 метрийн өндөр/  амжилттай  авираад   иржээ. Тэдний төлөөлөл болох  “Сутайн бор” клубын Ерөнхий дасгалжуулагч, уулын спортын ОУХМ Д.Батжаргал, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал, уулын спортын I  зэрэгтэй тамирчин Г.Чимид-Очир нартай ярилцлаа.

– Танай баг тамирчид Альпийн нурууны ноён оргил Монт-Бланк уулнаа  амжилттай авираад иржээ. Хэд хоногт багтааж авиралтаа хийсэн вэ?

Д.Батжаргал: Манай “Сутайн бор” клубын энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан гадаадад хийх авиралт өнгөрснө  9 сарын  25-аас 10 сарын 05-ны хооронд 10 хоногийн хугацаанд   Европ тивийн  хоёр өндөр оргилд хийх авиралт, мөн уулын спортын сургалт  амжилттай болж өндөрлөөд нутагтаа ирлээ.  Бидний авиралтын   явцад   цаг агаарын нөхцөл байдал нэлээд тааламжтай байсан. Уг нь бид очоод 2-3 хоногийн уулын авиралтын бэлтгэл хийж дуусгаад авиралтаа хийх ёстой байсан ч 2-3 хоногийн дараа цаг агаарын байдал муудаж, кампүүд хаагдах тухай урьдчилсан  мэдээ ирсэн  тул  манай багийнхан очсон  шөнөө амраад маргааш өглөө  нь 6:00 цагт босоод  шууд уул руу  авиралтаа хийсэн. Далайн төвшнээс дээш  2400  метрт  байх  баазад  трамбайгаар хүргүүлээд тэндээс цааш үндсэн авиралтаа  эхлүүлсэн.  3100 метрт байрладаг I  камп хүрэхэд бүрэнхий болж байсан тул тэндээ амраад, шөнө 03:00 цаг өнгөрч байхад  босож  II камп руу 700 метр эгц хадан хясаал руу авиралт хийж, тэндээсээ дайралт хийн 4810  метрийн өндөр  Монт-Бланк  оргилыг аваад, эргэн буцаж  кампдаа хоноглоод   маргааш нь  4400 метрийн өндөрт байх  өөр нэг оргилыг авсан. Үндсэндээ нэг  гаралтаар   хоёр оргилыг авч чадсан нь энэ удаагийн  авиралтын бас нэгэн онцлог байлаа. Бид 5 хоногийн хугацаанд багтаан гол хоёр оргилоо авсан учраас үлдсэн 5 хоногт Герман улсын уулын спортын баг тамирчид, багш дасгалжуулагч нараас сургалт авч,  хамтарсан бэлтгэл хийсэн.

IMG_8563

– Монголоос нийт хэдэн хүний баг бүрэлдэхүүнтэй тамирчид явсан вэ? Авиралтын явцад ямар нэгэн  бэрхшээл  хүндрэл тулгарсан  уу?

Д.Б: Манай үндсэн баг 7 хүний бүрэлдэхүүнтэй, бүгдээрээ “Сутайн бор” клубын тамирчид  юм. Германы элчингийн ажилтан, орчуулагч Б.Онон,  клубын гишүүн  шинэ залуу тамирчин Б.Энхтөр,  17 настай клубын өсвөр үеийн тамирчин, уулын спортын I зэрэгтэй   О.Сайханжаргал, уулын спортын I зэрэгтэй тамирчин, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал Г.Чимид-Очир, мөн    “Сутайн бор” клубын захирал Х.Нямдоо, клубын тамирчин А.Батсүх, миний бие гэсэн 7 бүрэлдэхүүнтэй баг маань багаараа 4810 метрийн өндөр дэх  Монт-Бланк оргилд амжилттай гарсан. Оргил руу дайралт хийх явцад буюу 4200 орчим метрийн өндөрт миний толгой гэнэт  өвдөж,  даралт ихсэн, нүд бүрэлзэж, бие эвгүйрхсэн.Тиймээс би багийнхандаа  төвөг болохгүйн тулд  “та нар авиралтаа  хийж бай, бие гайгүй бол араас чинь зүтгэж,  бие сайнгүй бол та хэд авиралтаа хийж дуусгаарай”  гэж захиад  3800 метрийн өндөрт байдаг  камп болох  хүнгүй модон байшинд  ганцаар үлдсэн. Тэгээд  даралтын эм давхарлаж уугаад 10-аад минут хэвттэл бие хөнгөрөөд, дотор онгойгоод, нүд сэргээд ирсэн. Тэгэхлээр нь багийнханыхаа араас гараад явсан. Тэднийг оргилд  гарахын өмнө нь би гүйцэж очин  хамтдаа, багаараа оргилд гарсан. Үүнийг би хүний нутгийн уул хайрхан намайг ивээлээ гэж бодож байгаа. Маргааш нь бид хоёрдох оргил болох  4400 метрийн өндөртэй  Доме Ди Гиотер оргилд мөн багаараа гарсан. Эндээс буухдаа их ядарсан, буух зам маань мөсөн ангал ихтэй, эвгүй бол  бүдэрч нисчих гээд их хэцүү байсан ч  бид буултаа   амжилттай өндөрлүүлсэн.

IMG_8562

– Та бүхэн цагийн зөрүүгээ  гаргалгүй шууд авиралтаа хийсэн гэсэн, энэ нь авиралтад сөргөөр нөлөөлсөн үү?

Д.Б: Бид цагийн зөрүүгээ гаргахаар хүлээсэн бол цаг агаарын нөхцөл байдал хүндрэх байсан учраас шууд л авиралтаа хийсэн. Эндээс Москвад өглөө 9:00 цагт буугаад орой 19:00 цагт цааш Фран ниссэн. Энэ хооронд нисэх онгоцны буудалд  онгоцоо хүлээсэн тул ямарч амрах боломж байгаагүй. Тэндээс 3:30 нисээд Женев  хотод буугаад тэндээсээ 80 км автобусаар яваад шөнөдөө авирахуулын хаа бэлд шөнө очоод  тэндээ үүр цайтал жаахан нойр авсан. Үндсэндээ бид  нойр, амралт багатай, цагийн зөрүүгээ гаргаагүй байсан ч тамирчид маань  байнгын бэлтгэлтэй, сэтгэлзүйн хувьд  эрч хүчтэй байсан болохоор энэ талд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй.

IMG_8307

–  Альпийн нурууны ноён оргилд гарахад ямар мэдрэмж төрж байсан вэ?

Д.Б: Ер нь бол аль ч уулын оргил манай нутгийн уул шиг л санагддаг. Өндөр уулын оргилд гарах бүрд мэдэрдэг мэдрэмжийг зөвхөн гарч үзсэн хүмүүс л илүү сайн мэдрэх байх. Өөрийн эрхгүй байгаль дэлхийгээ  хүндэтгэх хайрлах, уулчин  болж төрсөндөө бахархах, баярлах сэтгэл төрдөг. Европ манайхыг бодвол цаг агаарын хувьд ялгаатай  юм билээ. Тэнд цасаар шуурсан ч нэг л зөөлөн, таатай байх юм. Бидэнтэй хамтран гарсан Герман уулчин  биднийг  хооронд нь  олсоор холбосон  хамгаалалтгүйгээр авиралт хийлгэсэн. Манай багынхан  шиг өөр хоорондоо  олсоор холбогдоогүй баг тамирчид  тэнд ерөөсөө харагдаагүй. Дараа нь энэ тухай герман уулчнаас асуухад, танай тамирчид мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн, өөрсдийгөө хамгаалаад авиралтаа хийх чадвартай хүмүүс байсан тул  заавал олсоор холбож, цаг  хугацаа алдаад яах вэ гэж бодсон гэж ярьж байна лээ. Хэдийгээр шинэ уулчид багт нь орсон, хүнд хэцүү авиралт байсан ч гэлээ бид багаараа оргилд гарч чадсан. Миний хувьд гадаадын уулын оргилд бүтэн баг авч гарна гэдэг мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөл  минь биелсэнд би маш их баяртай байгаа. Бидний энэ авиралт Монголын уулын спортын түүхэнд  бас нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болж чадсан.

IMG_8715

“Сутайн бор” клубын гүйцэтгэх захиралын хувьд Г.Чимид-Очир таниас   хэдэн зүйл асууя. Анх удаа хилийн дээс алхаж уулын оргилд гарсан нь таны хувьд ямар сэтгэгдэл төрсөн вэ?

Г.Чимид-Очир: Миний  хувьд Говь-Алтай аймгийн Тонхил сумын иргэн. Манай сумын  “Сутайн бор” клуб байгуулагдаад 30 гаруй жил болж байна. Анх 1981 онд манай нутгийн  уулын спортын ахмад мастерүүд анх байгуулж байсан түүхтэй юм билээ. Миний аав уулын спортын мастер хүн. Энэ удаагийн Монт-Бланк оргилд авирсан авиралт нь зөвхөн бидний биш, манай үе үеийн мастерүүдийн хүсэл мөрөөдөл байсан. Биднийг ууланд явах дур сонирхолтой болгосон, уулын спортын зүг чигийг зааж өгсөн ахмад уулчдынхаа сэтгэлийг баясгаж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж анх удаа багаараа  гадаадад явж авиралт хийсэндээ их баяртай байгаа.

IMG_9172

– Гадны уулчидтай хамтран бэлтгэл хийх явцад тэдний хувийн бэлтгэл, хувцас хэрэглэл,  багаж хэрэгсэл нь хир байдаг юм байна.

Г.Ч:Дэлхийн стандартад нийцсэн хувцас, багаж хэрэгсэл асар үнэтэй байдаг юм байна. Тэр бүү хэл, хэдэн метрийн өндрөөс  хамаараад өмсдөг хувцас хэрэгслэлүүд тус бүрдээ байдаг  юм билээ.  Бидний хувьд бол тийм төвшинд хүрэхэд хэцүү ч гэлээ  манай клубыг ивээн тэтгэгчдийн хүч, буянаар  ямар ч байсан мэргэжлийн түвшний хувцас хэрэгсэл, багаж төхөөрөмжтэйгээр авиралтаа явуулж чадаж байгаа. Гадаадад явах асуудал үндсэндээ хөрөнгө мөнгөнөөс ихээхэн хамааралтай. Нэг уулчныг биш бүхэл бүтэн багийг хилийн чанад дахь ууланд авиралт хийлгэх боломжийг бүрдүүлнэ гэдэг нь мань мэтийн төсөөлөөд ч ойлгохгүй их зардал мөнгө орох нь ойлгомжтой. Энэ бүхнийг шийдвэрлэж, биднийг санаа зоволгүй авиралтаа амжилттай явуулахад санхүү мөнгөний хувьд  туслаж  дэмжиж, ивээн тэтгэж оролцуулсан Жанцангийн Туяа захиралдаа талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье.

Та клубынхаа талаарх  мэдээллийг манай уншигчид болон уулын спорт сонирхогчидод хүргэвэл…

Г.Ч:Манай клуб 2011 оноос шинэчлэн зохион байгуулагдаж ажиллаж эхлэсэн. Энэ удаагийн Монт-Бланкийн авиралтад манай клубын тэргүүн, дасгалжуулагч, клубын залуу болон ахмад  гишүүдийн төлөөлөл оролцлоо. Манай клубын шинэ залуу тамирчид жил бүрийн улсын аваргын тэмцээнд багаараа оролцдог. Клуб маань үйл ажиллагаагаа жилээр төлөвлөөд, түүнийхээ дагуу авиралтуудаа хийдэг болохоор манай тамирчид маань бүтэн жилийн бэлтгэлтэй байдаг. Клубт маань бүртгэлтэй 20-иод тамирчин бий. Мөн манай клубын ханан хаданд авиралт, спорт авиралтын баг тамирчид ОУХМ Д.Батжаргалаар удирдуулан  Улаанбаатар хотод  бэлтгэлээ базааж байна. Өндөр уулын бэлтгэлийг бид  нутагтаа буюу  Говь-Алтай  аймгийн Тонхил сумандаа,  Сутай хайрхан ууландаа  хийдэг юм.

–  Таны хувьд хэдэн жил энэ спортоор хичээллэж байна вэ?

Г.Ч:Би анх 1989 онд Говь-Алтай аймгийн 60 жилийн ойгоор,  16 настай байхдаа аавыгаа дагаж Сутай хайрханы оргилд гарч байсан. Түүнээс хойш Сутай хайрхан ууландаа гэхэд л 20 гаруй удаа, Отгонтэнгэр хайрхан,  Алтай 5 богдод 2011 онд, Мөнххайрхан ууланд 2012 онд, Хархираа Түргэний уулсад 2013 онд гэх мэтчилэн гарсандаа.

– Уулын спортоор хичээллэхийг хүсэж байгаа залуус юуг анхаарах ёстой вэ? Энэ спорт хүнийг хэрхэн төлөвшүүлдэг гэж та боддог вэ?

Г.Ч:Уулын спорт бол  хүнээс  уйгагүй тэвчээр, бэлтгэл,  хөдөлмөрч зан, зоримог чанар шаарддаг. Мөн өөрийгөө дайчлаж сурах, тууштай чанарыг хүнд суулгаж, эх орноороо бахархах,  байгаль дэлхийгээ хайрлах, алсын хараатай байх, аливааг урьдчилан төлөвлөж сурах  зан аашыг  төлөвшүүлдэг  юм болов уу гэж би боддог.

–  “Сутайн бор” клубын цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

Г.Ч: Энэ жилийн авиралт, арга хэмжээнүүд төлөвлөгөөний дагуу явагдаад дууслаа, бид ирэх жилийнхээ төлөвлөгөөг одоо гаргаж  байна. 2014 онд бид хэд хэдэн том авиралтыг төлөвлөж байгаа. Ирэх оны 5 сараас эхлэн  бид Алтай 5 богд, Цамбагарав, Сутай хайрхандаа гарна. 2014 оны 7 сард манай сумын 90 жилийн ой тохиохтой  холбогдуулан улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сутай ууланд зохион байгуулахаар уулын холбоотойгоор  ярилцаж байна.

–   Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Ц.Мөнх

 Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …