Ховд аймаг Эмэгтэйчүүд хөгжлийн төвтэй боллоо

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл  Ховд аймагт ажиллаад ирлээ. Энэ нь 2019 оны хөдөө орон нутгийн анхны томилолт юм. Томилолтын эхний өдөр Ховд Их Сургуулийн оюутнуудын төлөөл болох 250 гаруй оюутан залуустай “Эзэн, хичээвэл заяа хичээнэ” сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр оюутан залуус Б.Оюунгэрэлээс МЭХ-ны тухай, оюутан ахуй цаг,  охид хөвгүүдийн хоорондын харилцааны тухай сонирхон асууж,  харилцан санал солилцов.

Томилолтын хоёр дахь өдөр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид болон сум сумдын төлөөлөл болсон  350 гаруй эмэгтэйтэй уулзаж тэдний санаа бодол тулгамдсан асуудлыг сонсож, Монголын эмэгтэйчүүдийн холбооны 60 хоногт хийсэн ажлын тайлан,  цаашид хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Энэ үеэр Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, ахмад настнууд Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагад  өөрсдийн байр сууриа танилцуулж, үнэт  зөвлөгөө өгч санал хүсэлтээ илэрхийллээ. Мөн гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдийг орлоготой болгох, малчин эмэгтэйчүүдийн нийгэмших асуудал дээр дорвитой ажил хийх тухай саналыг хөндөн ярилцлаа.

Үүний дараа Эмэгтэйчүүд хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд оролцов.  Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг болон тэргүүлэгч гишүүдийн санаачлагаар ард иргэдийн дунд хандивын аян өрнүүлж, мөн үнэгүйдэж байгаа малын сархинаг, хэл зэргийг худалдаалж хуримтлуулсан мөнгөөрөө Эмэгтэйчүүд хөгжлийн төвийнхөө байрыг худалдаж авах санхүүжилтэд нэмэрлэсэн байна. Уг төвийн зорилго нь эмэгтэйчүүдийг сонсох, сургах, чадавхжуулах, нийгмийг соён гэгээрүүлэх аливаа үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Томилолтын сүүлийн өдөр Манхан сумын малчин,  Монгол улсын гавьяат малчин, 11 хүүхдийн эцэг эх болсон үлгэр жишээ гэр бүл Х.Эрдэнийд  зочлон сурвалжлага бэлтгэхийн хажуугаар сургамжтай сайхан үгс сонсож, малчдын аж амьдралд тулгарч буй асуудлыг ярилцлаа. Үүний  дараа Манхан сумын эмэгтэйчүүдийн зөвлөл болон 180 орчим эмэгтэйчүүдтэй уулзалт ярилцлага хийснээр Ховд аймагт хийсэн гурван өдрийн томилолт өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.